Хил, гааль дээр тавьж буй хяналт болон Эрээн хотод үүсээд байгаа нөхцөл байдал, чингэлэг тээврийн талаар Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хүргэлээ. (2022.06.13)
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд Тяньжин боомтод гацсан чингэлгийн талаар мэдээллийг хүргэв.
Тэрбээр "Манай улсад гуравдагч улсаас ирж байгаа импортын чингэлэг тээвэр Хятадын төмөр замаар, Тяньжин далайн боомтоор дамжиж ирдэг. Хамгийн сүүлийн буюу тавдугаар сарын эхэн үед авсан мэдээллээр Тяньжинд 7,000 гаруй чингэлэг бөөгнөрөөд байна.
Тавдугаар сарын 1-нээс Хятадын төмөр замын байгууллагатай ГХЯ-ны шугамаар болон УБТЗ, Хятадын төмөр замын байгууллага хооронд ярьсны үр дүнд тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хугацаанд Тяньжинаас эхлэлтэй Монголын импортын чингэлгийн галт тэргийг өдөрт дунджаар гурван цуваа болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр төмөр замын боомтоор өдөрт футийн чингэлгээр 150-160, 20 футийн чингэлгээр 300 чингэлэг ирж байна.
Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор өдөрт орж ирж буй 70-80 чингэлгийн 10-15 нь хөргүүртэй чингэлэг. Хөргүүртэй чингэлгийг оруулж ирээд тухайн өдөртөө сэлгэж гаргах үүргийг Монголын тал хүлээж байгаа. Хөргүүртэй чингэлэг байнгын эргэлттэй байгаа гэсэн үг.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ачсан чингэлэг Замын-Үүдийн бүс нутгийн ложистикийн төвд буудаг. Тэндээс бараагаа татаж буй иргэд чингэлгээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэх мэт нутгийн гүн рүү татаж авч байгаа.
Бүс нутгийн ложистикийн төв болон бусад чингэлэг тавих бололцоотой терминалууд чингэлгээр дүүрсэн нөхцөл үүссэн. Үүнийг Хятадын талтай ярилцаж, өнөөдрөөс эхлэн 50 хоосон чингэлгийг Эрээн-Замын-Үүдийн авто замын боомтын 0 цэгийн чингэлэг султгах талбайд өгөхөөр боллоо. Өмнө нь өдөрт 30 хоосон чингэлгийг өгдөг байсан юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )