НДЕГ: НДШ-ийг буцаан олгох журам батлагдаагүй байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон билээ.

Энэ хуулийн төсөл тавдугаар сараас хэрэгжиж эхлэх байсан боловч одоог хүртэл буцаан олголтоо аваагүй байна гэх иргэдийн гомдлын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулахад "Нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох журам хараахан батлагдаагүй байна. Тун удахгүй батлагдана. Тавдугаар сарынхыг нөхөж олгох эсэхийг журмаар шийднэ" гэлээ. 

Сануулахад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НДШ-ийн 50 хувийг буцаан олгоход 150 тэрбум төгрөгийг төсөвлөсөн талаар хэлж байв. Ингэхдээ тэрбээр “2021 оны IV улирлын байдлаар Монгол Улсын ажиллах хүчний тоо 1.2 сая бөгөөд үүний 72.7 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан. Хуулийн төслийн хүрээнд 1 сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоор нь хязгаарлавал нийт даатгуулагчийн 70 хувь нь хамрагдах бөгөөд даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход 150 тэрбум төгрөгийг төсөвлөсөн,  улсын төсвөөс буцаалтыг хийнэ. Тавдугаар сард иргэн НДШ төлнө. Улмаар зургаадугаар сард төлсөн шимтгэлийнхээ 50 хувийг буцаан авна" гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top