Монголын шигшээ багийн залуус түүхэн хожил байгууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Анх удаа Азийн АШТ-ий урьдчилсан шатны эцсийн шатанд шалгарсан Монголын шигшээ “В” хэсгийн сүүлийн тоглолтоо дэлхийн чансааны 151 Йементэй хийж 2:0-ээр хожлоо.

Энэ шатны анхны гоол, анхны оноогоо удаан хүлээсэнгүй. Тоглолтын 9’ дэх минутад Европ тивд мэргэжлийн хөлбөмбөгчинөөр тоглодог Г.Ганбаяр оруулж багтаа тэргүүлэлийг авчирлаа. Гоёмсог хаалтуудаараа хөгжөөн дэмжигчдийн хайрыг татаж чадсан хаалгач Э.Мөнх-Эрдэнэ эхний гоолын дамжуулалтыг өгсөн гэдгийг дурдахгүй байхын аргагүй.

Нэгдүгээр үеийг тэргүүлж дуусгасан манай залуус шийдвэрлэх хагаст давамгайллаа улам бүр баталгаажуулж тоог 53 дахь минутад 2:0 болгов. Шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш чөлөөт цохилтоос баруун жигүүрийн хамгаалагч О.Оюунбаатарын толгойд дамжуулахад, О.Оюунбаатар торгуулийн талбайд унагаж өгснийг Г.Ганбаяр найдвартай төгсгөсөн юм. Үлдсэн хугацаанд шигшээ багийн залуус хамгаалалтдаа нягт байж үр дүнгээ хамгаалж чадлаа. Энэхүү хожил нь Монголын шигшээ багийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны гуравдугаар шатанд байгуулсан анхны хожил төдийгүй анхны хаалгаа хуурай манасан тохиолдол болж байгааг дуулгахад таатай байна.

Гайхалтай тоглолтуудаар хөгжөөн дэмжигчдээ баясгаж, Монголын шигшээ баг ямар хүчирхэг вэ гэдгийг тивдээ харуулсан шигшээ багийнхаа залуустаа дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top