Технологийн дэвшлийг ГАЙХУУЛСАН медиа үзэсгэлэн

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг бишгүй л олон удаа үзэж байлаа. Сонгодог хөгжмийн намуухан эгшгийг сонсож, зургийн утгыг эрж, зураачийн илэрхийлэх гэсэн санааг тунгаан бодох агшин.

Харин энэ удаад тэс өөр үзэсгэлэнгээр зочлов. Хар хөшгөөр тусгаарласан олон өрөө. Өрөө болгонд дэлгэц ашигласан медиа бүтээлүүд. Тэдгээрийг гайхан, ярилцах гадаад, дотоодын сонирхогчид. 

Энэ бол Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын нээлт, "Дархлах тун" сэдвийн хүрээнд өрнөж буй цуврал арга хэмжээний эхлэл байв. 
 


Монголын урлагийн зөвлөл "Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүрийн зургаадугаар сард зохион байгуулдаг бөгөөд өдгөө долоо дахь жилдээ “Дархлах тун” сэдвийн хүрээнд зургаадугаар сарын 16-23-ны хооронд Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулж байна.
 


Монголын урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл "Цар тахлаас хойш уран бүтээлүүд холимог шинжтэй болж эхэлсэн. Зөвхөн зураг зурдаг биш, зураг, дүрс, дуу бичлэг гээд энэ бүхнийг нийлүүлсэн холимог урлагийн бүтээл хийж байна. Ингэхдээ өөрийн дагнасан төрлөөс өөр төрлийн бүтээл хийдэг уран бүтээлчидтэй хамтрах сонирхолтой болж иржээ. Тийм учраас энэ энэ удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа наадмаар эрэл хайгуул хийсэн, өөрийгөө сорихыг хүссэн уран бүтээлчдэд боломж олгосон үзэсгэлэнг олон газар гаргаж байгаа.

Тухайлбал, бид наадмын эхний үзэсгэлэнгээ Занабазарын музейд дэлгэж, зургаан уран бүтээлчийн бүтээлийг онцолж байна. Уран бүтээлчдээ танилцуулах, тэдний уран бүтээл хийх эрэл хайгуулд дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг нь дээшлүүлэх зорилгоор бид "Улаанбаатар" Олон Улсын медиа наадмыг зохион байгуулдаг юм" гэлээ.
 


Виртуал хариуцагч М.Батзориг "Медиа урлаг гэдэг бол монголчуудын хувьд шинэ ойлголт. Орчин үеийн виртуал урлаг хэрхэн хөгжиж байгааг энэ үзэсгэлэнгээс харж болно. Өмнөх жилүүдэд наадамд гаднын уран бүтээлчдийн бүтээлийг олон оролцуулдаг байсан. Харин энэ жилийн тухайд Монголынхоо залуу уран бүтээлчдийг түлхүү оролцуулж, тэднийг дэмжиж байгаа юм" гэлээ.  
 

"Улаанбаатар" медиа наадмын онцлох, дараагийн үйл явдал нь “Арт кемп” галт тэрэгний аялал юм. Урлагийн зөвлөлийнхөн “Хөх нар” контемпорари урлагийн төвтэй хамтран зургаадугаар сарын 17-19-ний хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумруу аялж, Ж.Анунаран, Э.Энхзаяа, Д.Отгонбаяр нарын  уран бүтээлчид тэнд үзэсгэлэнгээ толилуулна. 

Үүний дараа Улаанбаатар хотод “Улаан гэр” бүтээлч орон зайд уран бүтээлч Э.Жанцанхоролын “Дээгүүр доогуур” үзэсгэлэнгээр үргэлжлэх бол наадмын турш уран бүтээлчид “Урлагтай яриа” өрнүүлж, хөгжмийн өнгөт ертөнцөөр DJ Хөх Жим (MMP), Номт, Demi Moors, Adrien de Ville нар аялуулах ажээ. 

 МЕДИА ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН ГЭРЭЛ ЗУРГААС
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top