БТСУХ-ны дарга "Их дуулга"-ын санхүүжилтэд анхаарахыг чухалчлав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр (2022.06.20) Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн М.Бөхбат нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар манай эх оронд энэ сарын 24-26-нд болох жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбогдуулан ажил хэрэгч яриа өрнүүлэв.

Их дуулга тэмцээнтэй холбогдох санхүүжилтыг БТСУХ-ноос Монголын жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулан ажиллаж буй бөгөөд төсвийн зарцуулалтын асуудлаар ярилцлаа.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсныг Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм.

“Парис-2024” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн энэ бөгөөд дэлхийн 200 орчим оронд шууд цацагдах тул нэн чухал арга хэмжээ болохыг ирсэн зочид өгүүлэв.

Энэ уулзалтад Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адъяасүрэн, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн нар байлцсан ба Д.Жаргалсайхан даргын зүгээс санхүүжилттэй холбоотой асуудлаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

Их дуулга тэмцээнийг байгуулснаар цаашид ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэх юм. Тус тэмцээн "Парис-2024" зуны олимпын наадмын өмнөх чухал сорил болох ба манай улсын 56 жүдоч барилдахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top