Мэдээллийн Zindaa.mn сайт нь 2022 оны 06-р сарын 19-ний өдөр “Хар тамхитай тэмцэх хэлтсээс "Ice top" хамтлагийнхныг баривчилжээ” гэх гарчигтай мэдээ нийтэлсэн билээ.
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас "Ice top" хамтлагийн 26 жилийн ойн тоглолтын үеэр тусгай ажиллагаа явуулж, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй иргэдээс биологийн дээж авч шинжилсэн ба энэ үеэр нэр бүхий хүмүүс айс буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдож, сэжигтэй 20 орчим хүнээс нарийвчилсан шинжилгээ авсан байдаг.
Шалгуулж, шинжилгээ өгсөн иргэдийн дунд "Ice top" хамтлагийн гишүүн болон бусад уран бүтээлчид, зохион байгуулагчид багтсан бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст тэднийг шалгаж, шинжилгээ авсны дараа суллан явуулсан байна.
Уг асуудлын талаар мэдээлэхдээ "Ice top" хамтлагийнхнаас шинжилгээ авч, шалгасныг “баривчилсан” гэж бичин, агуулгын алдаа гаргасан тул тус хамтлагийн гишүүд болон уншигчдаасаа хүлцэл өчиж байна.
Хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг нийгэмд таниулж мэдээлэх, анхааруулахад редакцийн зүгээс анхаарч, дээрх үйл явдлын талаар болон сэтгэцэд нөлөөлөх бодисын сөрөг талын тухай олон талын эх сурвалжтай мэдээ, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн, ажиллах болно.