Монголын хөлбөмбөгийн холбооноос гишүүн холбоодын дасгалжуулагчийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд техникийн хэлтсээс эхний “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг 6 сарын 13-наас 6 сарын 18-ны хооронд төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит Монголын үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төвд зохион байгууллаа.
Онол, практик хосолсон 6 өдрийн сургалтад нийт 13 аймгийн 25 оролцогч 2 ангид хуваагдан оролцлоо. Сургалтыг МХБХ-ны дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хариуцсан ахлах мэргэжилтэн, сургагч багш Д.Эрдэнэ-Очир болон МХБХ-ны сургагч багш болох Б.Гарьдмагнай, Б.Ганбат нар удирдан явууллаа.
Сургалтын нээлтийн үеэр МХБХ-ны монголын хөлбөмбөгийн холбооны техник хөгжлийн хорооны гишүүн И.Отгонбаяр оролцогчдод хандан МХБХ-ны урт хугацааны бодлого чиглэлийн дагуу гишүүн холбоодын боловсон хүчнийг бэлтгэх тал дээр хийгдэж байгаа ажлыг сайшаан, дасгалжуулагчийн ажлыг мэргэжлийн түвшинд өндөрт өргөж явах ёстойг сануулан нийт оролцогчдод сургалтанд нь амжилт хүссэн юм.
Гишүүн холбоодын дасгалжуулагчдыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2 жилийн хугацаанд шат дараатайгаар зэрэглэлээ ахиулах сургалтуудад хамрагдах бөгөөд энэ хугацаанд дасгалжуулагч нар маань өөрийн аймгийн өсвөрийн шигшээ багуудыг дасгалжуулан ажиллах учиртай юм.
Сэтгэгдэл ( 0 )