Шинэ уран бүтээлээрээ ард түмнээ баярлуулж байдаг урлагийнхан маань ямар мөнгөөр энэ олон уран бүтээлийн тайлан тоглолт,клип, дуу дүрсийг санхүүжүүлдэг бол хэмээн сонирхох хүмүүс цөөнгүй. Тэд ардаа бизнес эрхэлдэг ажээ. Ингээд урлагийнхны нууц бизнесийн ертөнцөөр аялна уу.
Дуучин Ж.Алтанцэцэг дэлгүүрийн эзэн
Биедээ баймгүй чадалтай хоолойтой гэж олны дунд хүндлэгддэг дуучин Ж.Алтанцэцэг хэзээний гүйлгээ ухаан сайтай гэнэ. Тэрээр оюутан байхдаа л энэ зангаа ил болгож тэрүүхэн тэндээ бяцхан бизнес хийн ангийнхаа охидуудад нүд унамаар сайхан хувцас авч ирэн зардаг байж. Энэ бизнес нь одоо хүчээ авч дууч хатагтайг “Divas” дэлгүүрийн эзэн болгожээ. “Талст” дэлгүүрийн хоёр давхарт байрлах дэлгүүртээ дуучин бүсгүй ихэнх цагийг өнгөрөөдөг ба үйлчлүүлэгчдээ инээд алдан угтаж “Та юу авмаар байна” гэж уриалагхан асуун орж ирсэн хүн бүхэнд таарсан хувцсыг нь зарчихдаг нууц авъяастай. Түүний дэлгүүр маш их орлоготой байдаг бөгөөд дуучин хатагтай бараагаа өөрөө авч ирдэг бөгөөд Сингапурын томоохон дэлгүүрүүдийг гүйцээдэг чухал ажилтай болоод багагүй хугацааг өнгөрөөжээ.
Тайзнаас тариалангийн талбай руу шилжсэн залуус
Нэгэн цагт өрсөлдөгч гэж хэлэгдэн бие биенээсээ өрсөн шинэ дуу, цомог, клипээр фенүүдээ булдаг байсан “Номин талст”, “Камертон”-ы залуус өөр салбарт нэгдэцгээжээ. “Камертон”-ны Эба газар тариалангийн салбарт хүчээ үзэхээр шийдэн Сэлэнгэ аймгийг хэдэн жилийн өмнө зорин амжилттай ажиллажээ. Харин Эбагаас жишээ авсан “Номин талст”-ын С.Батбүх ч “Юугаараа дутах вэ” гэсэн шиг мөн л Сэлэнгэ аймгийг зорин газар тариаланд хөл тавьсан. Гэхдээ хэзээний тариаланч болж ХХААХҮЯамны сайд Л.Бадамжунайг уяраан Монгол улсын нэр нөлөө бүхий газар тариалангийн компани болж чадсан “Монгол газар шим” компанийн захирал Б.Эрдэнэбатаасаа маш их тус дэм авч дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдгээр нэг нэгэндээ туслан нэг салбарт дөрөө харшин яваа гэнэ.
Ноён ерөнхийлөгч баарны эзэн
Хип хоп холбооны ерөнхийлөгч гэж өөрийгөө өргөмжлөн Монгол улс хоёр ерөнхийлөгчтэй гэдэг онигоонд орж байсан зоримог залуу бол Баавар. Түүний дуулсан дуу “ Чамдаа”-гаас өөр байхгүй гээд хэлэхэд болох ч зохион байгуулсан тоглолт шоунууд тоо томшгүй. Түүгээрээ ч нэлээд нэрд гарсан. Угаас сэргэлэн залуу энэ давуу чанараа ашиглахаар “Цагаан шонхор”-ын гэж олонд нэрлэгдсэн Ч.Энхтайваны эзэмшилд байдаг “Ленин” клубынх нь баарыг түрээслэн гурван сар ажиллуулаад нам дампууран дааж давшгүй өрөнд орж үйлээ үзсэн. Гэхдээ бас л гандан буурахгүй “Баарнаас сална гэж гонжийнжоо” гэж онгирон хорооллын эцсийн “Масс” –д багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийн одоо зохион байгуулагчаар нь ажиллаж байгаа аж.
Өөр шиг ээ гутал зардаг Дэлгэрмаа
Увс зүгийн энэ бүсгүйг анх урлагийн замд нутгийн улс төрчид нь хөтлөн оруулсан. Тухайн үед ид од болон гялалзаж байсан С.Жавхлантай хамт хэдэн дуу дуулуулаад л зохиолын дууны салбарт од болгож амжсан. Т.Баясгалантай хамтран дуулдаг байсан дуунуудыг дуулсан нь ч их нөлөөлсөн байх. Олонд танигдсаныхаа дараа Төв нутгийн дуучин н.Хишигбаяртай хамтран дуулж чамлахааргүй гэдгээ бататгасан. Харин одоо тэрээр Германаас гутал авч ирэн зарж нэгэн багахаан гутлын дэлгүүр нээгээд байгаа гэнэ. Гэхдээ гуталнууд нь яг өөр шиг нь бондгор, бөндгөр хоншоортой гэж дуучин бүсгүйчүүд ярилцдаг юм билээ.
Наран орноос хоолтойгоо ирсэн Нара
Би наран оронд урлагийн дээд сургууль дүүргэсэн. Түүнээс гадна дээд зэрэглэлийн элит эмэгтэй гэдгээрээ гайхуулан эрчүүдийн харааг булааж хүүхэлдэй шиг төрхөө гайхуулсан дуучин бүсгүй Нара аралын оронд дуу дуулж сурахаасаа илүүтэйгээр хоолны газруудыг судалсан бололтой. Тэрээр дуулахаасаа илүүтэйгээр кино урлагт өөрийгөө зориулах болсон. Үүнийхээ хажуугаар хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд “Nara” гэдэг Япон хоолны газар нээсэн нь дуучин бүсгүйн санхүүгийн эх үүсвэр болоод байгаа аж.
Р.Номин нөхрөөсөө хараат бус
Дуучин Р.Номин-Эрдэнэ урлагаасаа хөндийрөөд нэлээд хугацааг үдэж байгаа. Түүнд айлын сайн гэргий, хүүхдийн сайн ээж байх нь илүү чухал байгаа гэсэн. Гэхдээ дуучин бүсгүй өдөржин гэртээ гараа эвхээд зүгээр сууж байснаас “Жаахан ч гэсэн ашиг олдог өөрийн гэсэн бизнестэй бол” гэсэн нөхрийнхөө зөвлөгөөг даган бяцхан дэлгүүр эхлүүлжээ. Түүний дэлгүүрт жинхэнэ имижтэй бүсгүйчүүдийн сонголт хийхээр хувцаснууд байдаг бөгөөд гүйлгээ ч хурдан болохоор дуучин бүсгүйн хэрэгцээг хангачихдаг аж. Тиймээс нөхрөөсөө мөнгө нэхэх шаардлагагүй байдаг гэнэ лээ.
Д.Уянгалянхуагийн нууц бизнес
Мисс Д.Уянгалянхуа “Макс” группын босс Д.Ганбаатартай ханилан хоёр сайхан охин төрүүлсэн. Түүнийг гэртээ суудаг мисс гэж атаархсан хүүхнүүд хорон үг шидэлж байсан цаг саяхан. Харин мисс бүсгүй нөхрийнхөө нэр хүнд далбаан доор явсанаас өөрөө өөртөө эзэн байх нь дээр гэж үздэг гэнэ. Тэрээр өнгөрсөн хавраас хүнсний бүтээгдэхүүн импортолдог, гадаад дотоод худалдааны компани байгуулан “Макс” группынхаа зургаан давхарт оффислон ажлаа амжилттай эхлүүлжээ. Хүүхдийн баяраар л гэхэд “Макс центр”-ийнхээ бүх түрээслэгч нарт 15,000-30,000 төгрөгний бэлэг зарж “Макс” хүнсний сүлжээгээ бэлгээр ханган нэлээд их ашиг олсон бол шинэ жилээр ч мөн бэлгийн бизнесээ хийж шинэ оныг ашиг орлоготой угтжээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )