Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн барьсан нь чамгүй маргаан дагуулж байна. Учир нь тэрбээр олон жил халгаж тойрч, зарим дарга сайд нар санаатай дарж байсан энэ хуулийн төслийг зоригтойгоор оруулж ирсэн нь шуугиан тарих шалтгаан боллоо.
Уг хуулийг баталснаар төрийн өмчит компаниуд дээр байгаа авлига, албан тушаалын наймаа, шахаа зэргээс ангижрах сайн талтай. Нөгөө талд улстөрчид өөрийн хүмүүсээ томилдог, элдэв бараа материал шахдаг, авлигаддаг явдал байхгүй болох учраас хуульд таагүй хандаж байгаа хүмүүс ч бий. 2016 онд МАН олонх болж, улмаар хуулийн төслийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган, 2018 онд хуулийн төслийн анхны зураг гарч байжээ. Энэ цагаас хойш ямар нэгэн байдлаар дараатай байсан хуулийн төсөл ийнхүү “амилж” байгааг сайшааж байна.
Бидний сайн мэдэж байгаагаар Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг ч дарга, удирдлагууд нь хариуцлага хүлээдэггүй. Тэгвэл хуулийн төсөлд “төрийн болон орон нутгийн өмчит газруудын Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар авах тухай тусгажээ. Ингэхээр өнөөх УИХ-ын гишүүд, сайд дарга нарын төлөөний нөхөд, цүнх баригчдыг шахаагаар томилохгүй гэсэн үг. Мөн төрийн өмчит компанийг хоёр жил дараалан алдагдалтай ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийг чөлөөлөх аж. Үүгээрээ дарга сайд нарын томилсон нөхөд алдагдалтай ч хамаагүй суудалдаа шигдэж суудаг явдлыг таслан зогсоох юм. Дараа нь өөр, бүх сайд нар өөрийнхөө харъяанд компанитай байх сонирхолтой, замын компанийг Зам тээврийн яам нь өөрийн мэдэлд байлгах дуртай. Иймээс уг хууль орж ирэхэд ихээхэн төвөгтэй байсан. Бүх сайд нарын эрх ашгийг хангана гэвэл энэ хууль орж ирэхгүй.
Төрийн өмчит компани дээр гүйцэтгэх удирдлага, Түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлд томилогдох боломжийг хааж, бүртгэлийн нэгдсэн систем хөтлөх зэрэг зөв зүйтэй залуутууд байгааг олонх дэмжээд байна. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн тухай хууль орж ирсэн төслийнхөө дагуу батлагдвал төрийн өмчит компанийг хоёр жил алдагдалтай ажиллуулсан ТУЗ, гүйцэтгэх удирдлагууд ажлаасаа шууд чөлөөлөгдөх юм байна. Мөн дахин өөр төрийн өмчит компани, аж ахйун нэгжүүдэд томилогдохгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Уг хуулиар төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нь нийцсэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргээ хувьцаа эзэмшигчийн чиг үүргээсээ салангид хэрэгжүүлэх боломжийг олгосон эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьжээ. Ерөөс төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуур, журмыг хуульд тусгаснаар эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр, орон нутаг хүссэн салбартаа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болох юм. Нөгөө талаас хувийн хэвшил хийх боломжгүй, ашиггүй, төрөөс үзүүлэх зайлшгүй шаардлагатай үйлчилгээ буюу нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарт, эсхүл зах зээлийн төвлөрөл өндөртэй салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компани байгуулахаас бусад салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компани байгуулахгүй байхаар зохицуулсан.
Уг хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр “Авлига, хулгай төрийн өмчит компаниудад хамгийн их байгааг бүгд мэддэг. Авлигатай тэмцэн газраас энд 10 их наядын авлига байна гэж 2019 онд зарласан. Энэ хууль орж ирж байгаа нь их юм. Гацаагч түгжил хөндлөн хэвтчихээд энэ хуулийг явуулахгүй байсан. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль Төрийн өмчийн тухай суурь хуультай хамт орж ирэх ёстой байсан юм. Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болонгуутаа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийг татаж аваад өөрөө дарчихсан. Ямар учиртай юм гэхээр энд тэнд өөрийн хүнээ тавьдаг. Ял шийтгүүлсэн хүн ч олон бий. "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой олон зүйл яригддаг. Хүүхдийнхээ юмыг захисан гэх мэтээр өөрөө ч ил цагаан ярьдаг. Тийм учраас энэ хуулийг оруулж ирдэггүй байсан.
Харин Х.Нямбаатар сайд оруулж ирлээ. Хуулийн төсөл оруулж ирсэн, ажил хийж байгаа хүнээ гоочилмооргүй байна гэж гишүүдэд хандаж хэлье. Хийхгүй, араар сууж, нуугддаг үйлдэл илүү хортой юм. Харин Х.Нямбаатар гал атгаад, шүүмжлүүлээд, дайруулаад байгаа ч ажил хийгээд байгаа. Үүнд нь баярлалаа. Авлига, хулгайтай тэмцье гээд бодит реформоо оруулж ирж байна” хэмээсэн юм. Хэл ам, хэрүүл тэмцэл багагүй дагуулсан “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль”-ийн хувь заяа хаашаа эргэхийг харах л үлдлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Ёстой баяр хүргье. Монгол төрийн өмчийг шуналтнуудын идэш болгож, авлигыг цэцэглүүлсэн энэ хуулитйг үндсээр нь өөрчилж маш цомхон зөвхөн өмчийн харилцааг зохицуулах чиглэлээр өөрчлөх нь зөв нэрийг нь хүртэл өөрчлөх хэрэгтэй