А.Адъяасүрэн: Израилийн тамирчинтай барилдахдаа тактикаа хэрэгжүүлж чадаагүй

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

“Улаанбаатар Их дуулга”-ын +78 кг-ийн жинд Мөнгөн медаль хүртсэн ОУХМ А.Адъяасүрэнтэй барилдааны дараах сэтгэгдлийг нь хуваалцлаа.

Тэрбээр Алтан медалийн төлөөх барилдаанд Израилийн жүдоч, олимпын хүрэл медальт, дэлхийн чансааны хоёрдугаарт явдаг Израилийн Раз Хершкод даралтаар ялагдсан билээ. А.Адъяасүрэн ийнхүү Гранд Слам ангиллаас хоёр дахь Мөнгөн медалиа хүртлээ.


-Баяр хүргэе. Израилийн жүдочтой өмнө нь таарч барилдаж байв уу?

-Баярлалаа. Юуны өмнө энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа Х.Баттулга даргадаа, үндэсний шигшээ багийн бүх дасгалжуулагч нартаа, намайг дэмждэг гэр бүл, найз нөхдөдөө баярлалаа. Өмнө нь би Израилийн Их дуулгад энэ тамирчинтай хүрэл медалийн төлөө барилдаад ялагдсан. Ерөнхийдөө шил, ханцуй авна гэж төлөвлөж, уг нь түрүүлэх зорилготой байсан. Санасандаа хүртэл барилдаж чадсангүй.

-Үзэгчдийн шуугианаас болоод барилдааны үеэр дасгалжуулагчийнхаа заавар, зөвлөгөөг сонсоход хүндрэлтэй байв уу?

-Бид зөвлөсөн байсан. Эхлээд баруун ханцуй шүүрээд, шил авна гэж ярилцаад гарсан. Израилийн тамирчнаас үүрэх мэх ирнэ гэдгийг мэдэж байсан. Тактикаа хэрэгжүүлж чадсангүй, санасандаа хүртэл барилдаж чадсангүй.

-Хасагдах шатанд БНСУ-ын тамирчинтай хийсэн барилдаан нэлээд хүнд байсан...

-БНСУ-ын тамирчинтай өмнө нь барилдаж байсан ч амаргүй барилдаан боллоо. Багш нартайгаа яриад, шидүүлэхгүй гэсэн зорилгоор барилдаанд нь тааруулаад, мордож вазари авсан. БНСУ-ын тамирчныг ялсандаа баяртай байгаа.

-Энэ удаагийн Гранд Слам Монголд болж байгаа болохоор уур амьсгал өөр байсан байх?

-Монголд болж байгаа том тэмцээнд анх удаа оролцож байна. Үзэгчид ихтэй маш гоё байна. Сэтгэлээрээ огшоод л байдаг юм байна. Бүгд харж байгаа болохоор, гэр бүлийнхэн минь байгаа болохоор маш огшлоо. Тэр сэтгэл хөдлөлөөрөө би финалдлаа.

-Аав, ээж хоёр нь барилдааныг тань үзэхээр ирсэн байгаа юу?

-Аав, ээжийнхээ өмнө анх удаагаа олон улсын том тэмцээнд барилдлаа. Аав маань ирж үзсэн. Аавтайгаа өдөр л уулзсан. Маш их хөөрчихсөн явж байх шиг байсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top