Монголын зохиолчдын нэгдсэн Их хурал болж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр (2022.06.27) Төрийн ордонд Монголын зохиолчид нэгдсэн их хурлаа хийж байна.

Хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг тэргүүтэй бодлого тодорхойлогчид болон ном бүтээгч, зохиолчдын төлөөлөл оролцлоо.

Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн бөгөөд Соёлын дэд сайд М.Батбаяр “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оролцоо”, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо “Уран зохиол-Нийгмийн оюун санааны дархлаа” гэсэн үндсэн илтгэлүүдийг тавьж, салбар хуралдаанаар үргэлжилж байна. 

Соёлын дэд сайд М.Батбаяр үндсэн илтгэл тавих үеэрээ: “Бүх нийтийн соёлын боловсролын гол тулгуур үндэсний уран зохиол нь олон түмнийг гэгээрүүлэн боловсруулах, мэдлэг ухааныг тэлэх, монголын өв соёлыг хадгалан хамгаалахад чухал үүрэгтэй. Ард түмнийхээ оюун санааны багана, туг нь болдог зохиолчидтойгоо Соёлын яам байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл өргөн хүрээнд хамтран ажиллаж ирлээ. Нийгмийн оюун санааны баялгийг шингээсэн шилдэг зохиол бүтээлийн санг арвижуулах, Монголын уран зохиолыг дэлхийд сурталчлах, гадаадын бүтээлийг эх хэлнээ орчуулах, шилдэг уран бүтээл туурвих нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. 

Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг боловсруулан ирэх намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа. Энэхүү хууль батлагдсанаар бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын тэргүүлэх чиглэлийн нэг болох утга зохиол, ном хэвлэлийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчин бүрдэнэ.

Иймд та бүхэн нэгдсэн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулж хамтын саналаа гаргаж  өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Зохиолчдын нэгдсэн их хурлаар “Яруу найргийн өчигдөр, өнөөдөр, маргааш”, “Хүүрнэл зохиолын өнөө ба ирээдүй”, “Судлал шүүмжийн өнөө ба ирээдүй”, “Тайз дэлгэцийн зохиолын өнөө ба ирээдүй”, “Хүүхдийн ба орчуулгын уран зохиолын өнөө ба ирээдүй” зэрэг салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулан Монголын зохиолчид  “Нэгдсэн тунхаг” гаргахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Соёлын яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top