Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын сонгуулийн тогтолцоо буюу можаритор тогтолцоо Үндсэн хуульд нийцэхгүй байна гэх гомдлыг УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан билээ.
Тэгвэл энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. (2022.06.27)
Ингэхдээ сонгуулийн хувь тэнцүүлсэн холимог тогтолцоо буюу Пропорциональ тогтолцоо нь Үндсэн хуультай харшлахгүй гэж үзсэн байна.
Тодруулбал, Монгол Улс 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийг холимог буюу пропорциональ системээр явуулж олон намын тогтолцоотой парламент байгуулагдаж байсан түүхтэй. Гэвч сонгуулийн энэ систем Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүдийг шууд сонгоно гэсэнтэй зөрчилдөж байна гэж үзсэн. Улмаар 2016 оны сонгуулийн өмнө ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болж сонгуулийн холимог тогтолцоо үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн дүгнэлтийг гаргаж, УИХ-ч энхүү дүгнэлтийг хүлээж авснаар сүүлийн хоёр ч сонгууль жижиг буюу Можаритор системээр явагдсан. Гэвч өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар одоогийн сонгуулийн тогтолцоотой холбоотой гомдлыг ҮХЦ-д гаргасныг ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж 2016 оны ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүчингүй болгох шийдвэрийг гаргажээ.
Өөрөөр хэлбэл сонгуулийн холимог тогтолцоо нь Үндсэн хуультай харшлахгүй учраас Пропорциональ системээр сонгууль явуулах эсэхийг УИХ хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэж болно гэж үзжээ.
ВИДЕО ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )