“Моби дээд лиг”-ийн 10 багийн хувь заяаг шийдэх 10 тоглолт

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Монголын хөлбөмбөгийн хамгийн өндөр зэрэглэлийн, нэр хүндтэй тэмцээн болох “Моби дээд лиг”-ийн энэ улирал дуусахад ердөө хоёр тойрог үлдээд байна.Улирал дуусахад хоёр тойрог буюу 10 тоглолт үлдээд байгаа ч лигийн аварга, медалийн эзэд, дээд лигтээ үлдэх багийн нэрс тодроогүй байгаа нь өмнөх жилүүдийнхээ илүү сонирхолтой болгож байна.

Аваргын алтан цомыг өргөж, Ази тивд өрсөлдөх эрхийн төлөө “Хаан Хүнс Эрчим” болон “Улаанбаатар” клубүүд улирлын турш хүч үзэж буй. Одоо болтол хэн нь энэ жилийн түрүү магнай болж гялалзах нь шийдэгдээгүй байгаа эгзэгтэй цаг мөчид хоёр клуб 17-р тойргийн хүрээнд учраа тааран тоглох гэж байна. Улирлын эхний хагаст “Хаан Хүнс Эрчим”, “Улаанбаатар”-ыг 1:0-ээр хожиж давуу байдлыг авч байсан бол 6-р сарын 30-нд 13:00 цагаас эхлэх тоглолт хамгийн чухал тулаан байх болно.

Дээрх хоёр баг аваргын төлөө хүч үзэж байгаа бол “Улаанбаатар сити”, “Төв буганууд”, “Дэрэн”, “СП Фалконс” гэсэн дөрвөн клубийн залуус хүрэл медалийн төлөө гайхалтай өрсөлдөөнийг өрнүүлж байна. Учраа таарсан өрсөлдөгчид, урьд өмнөх тоглолтуудаас дүгнэн тэр багийг хүрэл медалийн тавцанд гэж тааварлах тун хэцүү. Тиймээс хөлбөмбөг сонирхогчид фанатууд маань 18-р тойргийн эцсийн шүгэл дуугарсны дараа л “Моби дээд лиг”-ийн хүрэл медалийн эздэд халуун алга ташилтаар баяр хүргэх болох нь.

Бүтэн улирлын хичээл зүтгэлээ медаль болгож, шилдгүүдтэй мөр зэрэгцэн зогсоно гэдэг бахархам үйл явдал. Гэхдээ шагналт байранд шалгараагүй ч шилдгүүдийн эгнээнээс хасагдалгүй, дээд лигтээ үлдэнэ гэдэг лигийн тэмцээний бас нэгэн гайхалтай мөч, сайхан мэдрэмж билээ. Яг тэр л сайхан мэдрэмж, нэр төрийг өөрсдөдөө хадгалж үлдэхийн төлөө “Хангарьд”, “Би Си Эйч Лионс”, “Ховд” клубүүд гол өрсөлдөөнийг хийж байна.

10-р байранд орсон баг ирэх улиралд Нэгдүгээр лигрүү чансаа уруудан тоглох бол 9-р байрт орсон нь энэ улиралд Нэгдүгээр лигийн хоёрдугаар байрт орсонтой “Плэй офф”-ын тоглолт хийнэ. Та бүхний мэдэж байгаачлан аль баг доош унах, эсвэл доош унахгүйн төлөө дахин шийдвэрлэх тулаан хийх эсэх нь тодорхойгүй хэвээр.

Бүтэн улирлын хүч хөдөлмөрөө амжилтаар өндөрлүүлэхийн төлөө эцсийн дусал хөлсөө шавхах шилдэг хөлбөмбөгчдийн өрсөлдөөнийг “Моби Дээд Лиг”-ийн 17, 18-р тойргийн сонирхолтой тоглолтуудаас хүлээн авч үзээрэй.

Та бүхэн дээд лигийн тоглолтын тасалбараа “MonPay” аппликэйшнээр аваад Катар 2022 ДАШТ-ийг азтан болох боломжтой гэдгийг дахин дуулгахад таатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top