Унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран мэдээлэл хийлээ (2022.06.30).
Хэвлэлийн хурлын үеэр морь унаж байгаад гэмтэж, бэртсэн хүүхдүүдийн талаарх тоон мэдээллийг танилцуулсан юм.
Сүүлийн хоёр сарын хугацаанд гэхэд мориноос унасан, чирэгдсэн, бэртсэн гэх 13 хүүхэдтэй холбоотой мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Харамсалтай нь, тэдний найм нь нас барсан байна.
Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан "2022 оны эхний таван сарын байдлаар гэмт хэрэг зөрчлийн улмаас 941 хүүхэд гэмтэж, хохирсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2,4 дахин өссөн үзүүлэлт. Гэмт хэргийн улмаас эхний таван сарын байдлаар 36 хүүхэд нас барсан. Мөн 316 хүүхэд биедээ гэмтэл авсан байна.
Мөн цагдаагийн байгууллагад бусад байдлаар буюу мориноос унаж, гэмтсэн, нас барсан тохиолдлууд бүртгэгдсээр байна.
Сүүлийн хоёр сарын хугацаанд гэхэд мориноос унасан, чирэгдсэн, бэртсэн 13 хүүхдийн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Эдгээр хүүхдүүдийн 8 нь нас барсан. Маш харамсалтай байна. Үлдсэн тав нь биедээ хүнд гэмтэл авсан. Одоогийн байдлаар эмнэлгийн байгууллагад ухаангүй, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд ч байна.
Эцэг, эхчүүд хүүхдээ зуны амралтаар нь хөдөө, орон нутагт хамаатан садан руу нь явуулдаг. Хөдөө очсон хүүхэд морь сайн унаж сураагүй байж хонинд явахдаа морь унах зэрэг хайхрамжгүй байдал гаргадаг. Үүнээс болж зөвхөн хурдан морины уралдаанаас шалтгаалахгүйгээр мориноос унаж, гэмтсэн тохиолдол гарсаар байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Төр засаг гэж байдаг бол энэ уралдааны морьны эзэд, уяачид гэсэн яргачдад арга хэмжээ тооцмоор, ингэж хүүхдийн амиар тоглуулаад баймааргүй л байх юм