Холливудын алдарт жүжигчин Брюс Уиллис афази өвчнөөр шаналж байгаа билээ. Ой санамжаа алдсаар байгаа түүнийг Холливудын продюсерүүд ашиглаж байсан тухай баримтууд дэлгэгдэж эхэлжээ.
Кино продюсер Рэндалл Эмметт киноны текст болон дүрийнхээ тухай санахгүй байгаа Брюс Уиллисийг кинондоо оруулж, түүний нэрийг ашиглан хөрөнгө оруулагчдаас мөнгө татаж байсан тухай олон тооны мэдээллүүд LA Times сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Афази нь хүний ярих болон бичих, ойлгох чадварт нөлөөлдөг нэг төрлийн эмгэг бөгөөд ихэвчлэн цус харвах болон толгойдоо гэмтэл авснаас үүдэн үүсдэг байна.
Харин Рэндалл энэхүү мэдээллүүдийг няцаан Брюс Уиллсийн өвчин хүндэрч байгааг анзаараагүй хэмээн хариулсан байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч "Рэндалл Брюс Уиллистэй сүүлийн 15 жилийн турш ажилласан ажлаараа маш их бахархаж байгаа. Брюс зураг авалтын талбай дээр байх дуртай байсан. Хэрэв Брюс зураг авалтад оролцох дургүй байсан бол тэнд байхгүй байх байсан" гэжээ.
Кино продюсер Рэндалл Эмметтийн хувьд нэгэн цагт тулаант киноны супер од байсан жүжигчдийг кинондоо тоглуулж ашиг олдог байсан нэгэн гэнэ. Алдартай жүжигчид тоглосон учир муу кино байсан ч түүнд ашиг орлого ихээр авчирдаг байсан аж. Тэрээр киноноос олсон ашгаа өрөө барагдуулахад болон амьдрах нөхцлөө сайжруулахад ашигладаг байсан тухай эх сурвалжууд онцолжээ.
Брюс Уиллисийн эрүүл мэнд 2006 оноос хойш муудаж эхэлсэн. Үүнээс хойш хорь гаруй тулаант кинонд тоглосон Брюс зураг авалтын талбай дээр чихэвчээр дамжуулан текстээ сонсдог байсан тухай түүний туслахууд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )