Өв соёлын дархлааг бататгах “ӨВ ЭРДЭНЭ” театр үүдээ нээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06


Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх зорилгоор “Өв эрдэнэ” соёлын биет бус өвийн театр өчигдөр (2022.07.05) ёслол төгөлдөр үүд хаалгаа нээлээ. Монголчуудын оюуны соёлын үнэт зүйлс, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах зорилготой “Өв эрдэнэ” театрын нээлтийн үйл ажиллагааг энэхүү сурвалжилгаараа хүргэж байна.


Театрын нээлтэд олон зочид хүрэлцэн иржээ. Удаан уулзалдаагүй хүмүүс нэгнийгээ хараад ихэд хөөрч, халуун дотноор инээмсэглэн ярилцацгааж байв. Төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл, олон хүний хөдөлмөрөөр сүндэрлэсэн болохоор ч тэр зочид, төлөөлөгчид нээлтийн үйл ажиллагааг тэсэн ядан хүлээж байсан уу гэлтэй харагдана.

Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв, Рио Тинто компани, Монголын урлагийн зөвлөлийн хамтарсан энэхүү төсөл нь Монголдоо соёлын биет бус өвийн салбарт хийгдэж буй бодит дэмжлэг, томоохон хөрөнгө оруулалт болжээ. “Өв эрдэнэ” театр нь монгол туургатны хуран цугларах, монгол язгуур өв соёлын дархлааг улам бататгах цаг үеэ олсон байгуулалт болсон байна. Соёлын өвийг дээдлэгч “Рио Тинто Монгол” компанийн 440 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Өв эрдэнэ” театрын интерьер дизайныг “Спринт Архитект” зураг төслийн компани боловсруулж, “Рэдлайн ХХК” дотоод заслын ажил гүйцэтгэж, тайзны гэрэлтүүлгийг D-Light компани, дуу хөгжмийн тоног төхөөрөмжийг “ITC Solution ХХК” суурилуулсан аж.

Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Рио Тинто Монгол компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцлоо. Соёлын дэд сайд М.Батбаяр “Манай улс ЮНЕСКО-д Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны коневецид 2005 онд нэгдэн орсноор уламжлалт өв соёлоо хүн төрөлхтний соёлын онолтой нийцүүлэн хадгалж хамгаалах, дэлхий нийтэд сурталчлан таниулах боломж нээгдсэн. Соёлын биет бус өв буюу амьд өвийг хамгаалах, үеийн үед өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх нь өвлөн авагчдад үнэлж баршгүй өв билээ.

Төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд өнөөдөр соёлын биет бус өвийг таниулах, түгээн дэлгэрүүлэх, сургалт зохион байгуулах орчин бүхий бага театр ашиглалтад орж байна. Энэхүү театрын Монгол Улсын соёлын биет бус өвийн өргөтгөлд багтсан 362 өв, түүнийг өвлөн уламжилсан “Хүн-Эрдэнэ”-дээ дээдлэгдсэн 1189 хүнийг таниулах, хүүхэд залуучууд олон нийтэд соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, соёлын өвийг бэхлэх боловсрол олгох их хөрөнгө оруулалт болно гэдэгт эргэлзэхгүй байна. “Өв эрдэнэ” театрыг ашиглалтад оруулж буй Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв, Рио Тинто Монгол компани, Монголын урлагийн зөвлөлд талархал илэрхийлье” хэмээгээд тууз хайчилж, монгол гэрийн хэлбэртэй өргөө үүдээ нээлээ. Тэрхэн агшинд морин хуур эгшиглэж, зочдыг суудлаа эзлэхийг урилаа. Гэрийн хойморт алтан шаргал өнгөтэй “өв эрдэнэ театр” хэмээн босоо монгол бичгээр сийлсэн бичиг нүдэнд тусна. Ийн цааш өргөө гэрийн жаврыг үргээхээр уртын дуучин аялгуугаа өргөж, ерөөлч урласан үгээ айлдлаа.

...“Буянт хурдан хүлэг морьдоо уралдуулан давхиулж ирсэн

Буянт-Ухаагийн дэнжийнхээ хоймор сайхан дэнж дээр нь

Үндсэн монгол гэрийн хэлбэртэй

Ийм сайхан үндэснийхээ театрыг байгуулсан юм байна аа”... хэмээн ерөөлөө хэлж, тус театрын хорол эрдэнэ тооноос хадаг уяж, уухайллаа.

Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатаас зарим зүйлийн талаар тодрууллаа. “Театрын дотоод заслыг үндэсний болон орчин үеийн хосолсон загвар шийдэлтэй хийж, дэвшилтэт технологи бүхий гэрэлтүүлэг, дуу хөгжмийн тоног төхөөрөмжөөр хангагдаж байгаа. Энэ нь театр урлагийн өнөөгийн стандарт, хэм хэмжээнд нийцсэн ардын язгуур урлагийн ай сав дахь соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад зориулсан анхны төрөлжсөн театр гэдгээрээ онцлог юм.

Энэ театрт ардын язгуур урлагийн тоглолтоос гадна соёлын биет бус өв түүнийг өвлөн уламжилж байгаа хүмүүст хадгалагдаж буй урын сан мэдлэг чадварыг дуу дүрс, бичлэгээр баримтжуулах, хүүхэд, залуучууд, олон нийтэд зориулсан соёлын өвийн талын боловсрол олгох сургалт, танин мэдэхүйн хурал, лекц, зөвлөгөөн болон уралдаан наадмаа зохион байгуулдаг болно. Өмнөх үед манай язгуур урлагийнханд тайз олддоггүй байлаа шүү дээ. Аргагүй ч юм даа. Драмын академик театр, Үндэсний урлагийн их театр гээд монголын маань урлагийн хоёр сүлд болсон байгууллага дундаа нэг тайзтай байгаа шүү дээ. Тэгвэл манайд “Өв эрдэнэ” бага театртай болж байгаад монголчууд тэр дотор язгуур урлагийн өв уламжлагч авьяастнууд маань баярлаж байгаа биз ээ.

Соёлын өвийн үндэсний төв нийтдээ 8000 ам дөрвөлжин метр талбай бүхий 130 гаруй өрөө тасалгаатайгаас гадна харахад хоёр давхар барилга ч дороо бас 40x60 ам метр хэмжээний талбайтай байгууламж юм. Үйл ажиллагааны чиглэл гэх юм бол Соёлын өвийн үндэсний төв гэдэг энэ байгууллагад Монгол Улсын түүх, соёлын биет ба биет бус өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг төвлөрч энэ чиглэлээр болдог эрдэм шинжилгээ судалгааны ажлуудын тайлан баримтууд, археологийн малтлага, судалгаанаас олдсон түүх соёлын дурсгалт зүйлсийг анхны төрхөөр нь сэргээн засварлах зэрэг үүрэг чиглэл хамаардаг.

Төвийн бүтэц гэвэл захиргаа удирдлагын бүргэл мэдээллийн, хадгалалт хамгаалалт, технологи судалгааны, сэргээн засварлах, түүхэн барилга архитектурын дурсгалыг хамгаалах, авран хамгаалах, эрсдэлийн судалгааны зэрэг долоон газар албатай, орон тооны бус дөрвөн зөвлөлтэй 60 гаруй ажилтантай байгаа. Түүх, соёлын олдвор, үнэт өвийг сэргээн засах мэргэжилтнүүдийн хүчин чадал одоогоор дутмаг. Жилд гэхэд сэргээн засах шаардлагатай 150-200 үзмэр орж ирдэг. Түүнийг сэргээж засна гэдэг асар их төвөгтэй том ажил байдаг юм. Тиймээс бид хэтийн төлөвлөгөөндөө 2050 он гэхэд 139 ажилтантай байна гэж харж байгаа. Манай бүртгэлд байдаг өв соёлын тоо бүртгэл судалгаа, мэдээллийн санд төвлөрснөөр 316 мянган хөдлөх өв, 69 мянган үл хөдлөх өв, мөн соёлын биет бус 98 өв байна. Тэдгээрийг өвлөн уламжлагч нь 8000 илүү гардаг. Тэр дотор манайд жинхэнэ бүртгэлтэй нь 111 хүн бий" гэсэн юм.



 

 

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top