Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ

2022 оны 07 сарын 08

Иргэн Б.С нь өөрийн хүү (хариуцагч) С.Б-тэй хамтран 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ХХБ банкнаас өөрийн цалингаа барьцаалан 8 сая төгрөгийн зээлийг 26 сарын хугацаатай,  сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл авснаас жил гаруйн дараа Б.С өвчний улмаас нас барснаас болж зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхээ больжээ. Иймд банкнаас зээлийн төлбөрийг хариуцагч С.Б-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч С.Б нь шүүхэд “...Зээл авах өдөр ээжийг дуудахаар нь очиход банкны зээлийн мэргэжилтэн “энэ гэрээнд гарын үсгээ зурчих” гэсэн. Тухайн үед би оюутан байсан, яг ямар үүрэг, хариуцлага хүлээж, гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй, зээлийн мөнгийг би огт хэрэглээгүй, ээжийг нас барсны дараа л энэ тухай мэдлээ. Би өөрөө 600 мянган төгрөгийн цалинтай, цалингийн зээлтэй, зээл төлөх чадваргүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, харин давж заалдах шатны шүүх хариуцагчаас зөвхөн үндсэн зээлийг гаргуулж, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн байна.

Дээд шүүхээс дараах дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

С.Б нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Учир нь  “хамтран зээлдэгч” гэдэг нь “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэсэн ойлголт (Иргэний хуулийн 240.1.2) бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч Б.С, С.Б нар нь банкны өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл, зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгчдийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй. Иймд С.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.

С.Б нь хэдийгээр тухайн үед оюутан байсан боловч насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай тул “гэрээнд гарын үсэг зурахдаа ойлгоогүй” гэх тайлбар үндэслэлгүй. Мөн тухайн зээлийг С.Б хэрэглээгүй нь хэрэгт ач холбогдолгүй буюу зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн хариуцагчийн ээж Б.С нас барснаар түүний хувьд л гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохоос бус, хамтран зээлдэгч С.Б-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй. (Иргэний хуулийн 242.3, 451.1) 

Талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийг эргүүлж төлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан нь нэхэмжлэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. (Иргэний хуулийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3, 21.2)

Харин хэрэгт авагдсан баримтаар талууд 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байх тул тухайн өдрөөр тасалбар болгон хариуцагч С.Б-ээс үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулах нь зөв гэж үзжээ.


Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.  Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу. 

 

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(192.82.74.49) 2022 оны 07 сарын 08

Зээлийн гэрээг иргэнд ээлтэйгээр хийхэд юу саад болдог вэ? Эздийн хэт шунал уу

0  |  0
z(66.181.176.216) 2022 оны 07 сарын 08

zeeliin geree geech yumand ni ard irgeded eeltei zaalt neg ch bhgui

1  |  0
Top