МЭДЭГДЭЛ: Орхон үүлдрийн хонио сурталчилсныг мушгихгүй байхыг хүсье

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

Сэлэнгэ аймгийн Орхон сумын баяр наадмын нээлтийн үеэр Орхон үүлдрийн хонийг сурталчлан харуулсан хэсэг  олон нийтийн анхаарлыг татжээ. Үүнтэй холбоотойгоор тус сумын Засаг даргын тамгын газраас мэдэгдэл гаргасан байна. 

МЭДЭГДЭЛ 

Наадамчин олондоо Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн хөгжлийн явцад МАА салбарын эрдэмтэн судлаачид, Орхон сумын малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон оюуны бүтээл болох “Орхон” үүлдрийн хонины түүхт 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд олон нийтэд сурталчилан таниулах, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эрдэм шинжилгээний ажилтан, малчидаа алдаршуулах ажлууд орон нутагт зохион байгуулагдсаныг нутгийн олон түмэн хүндэтгэлтэйгээр талархан хүлээн авч байгааг дуулгая.

Гэвч орон нутгийн бахархалт түүх, онцлогийг судлахгүй, ойлгохгүй, нягтлахгүйгээр элдэв гарчиг өгч, олон нийтэд буруу ойлголт өгч хүндэтгэлгүй хандаж байгаа иргэн, мэдээллийн сайтууд байсаар байгаа нь харамсалтай.

Орхон нутгийн сүлд дууны хэсэгт нутгийн онцлогоо харуулан урлагаар дамжуулан Монгол Улсын ууган үүлдэр болох зохиогчийн эрхийн 1 дугаартай гэрчилгээ эзэмшигч, нарийвтар ноост Орхон үүлдрийн хонийг сурталчлан харуулсныг мушгин гуйвуулж, Орхон сумын түүх, нэр хүндэд халдахгүй байхыг хүсье!

Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор сумын Засаг даргатай холбогдож тодруулга авсан Эргэлт.мн сайт мэдээллийг нягталж олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж ажлын амжилт хүсье.

Орхон хонины үүсэл хөгжил:

Монгол Улсад нарийвтар ноост хонины үржлийн бааз бий болгох ажил Зөвлөлтийн мэргэжилтэн Г.Литовченкогийн удирдлаган дор ахлах зоотехникч Т.Аюурзана, Ж.Рааш, Ш.Дашцэрэн нарын эрдэмтэн мэргэжилтэнгүүд ажилласнаар 1943-1947 он, 1947-1953 он, 1953-1961 он гэсэн 3 үе шаттайгаар 16 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсын түүхэнд анх удаа нарийвтар ноост эх орны ууган үүлдэр Мах-ноосны чиглэлийн хонь бий болж 1961 оны 2-р сард”Орхон” нэртэйгээр батлагджээ. Орхон сум бол монгол улсад нарийн, нарийвтар ноост хонины анхны үүлдрийн хонь бий болсон нутаг юм.

Орхон хонь нь манай орны ойт хээрийн бүсэд бий болсон эрлийз хонь ашиг шим үүлдрийн чанараар бие даасан үүлдрийн шаардлагыг хангасан тул 1961 оны 3-р сард нарийвтар ноост Орхон үүлдэр болгон баталж зарласан түүхтэй.

Ашиг шимийн дундаж үзүүлэлт: Үржлийн хуцны амьдын жин 80-85 кг, ноосны гарц 6.5-8.0 кг, урт нь 10-12 см, эм хонины амьдын жин 58-62 кг, ноосны гарц 3.8-.4.0 кг, ноосны урт 8-10 см, ашиг шимийн дээд үзүүлэлт нь үржлийн хуц 102.2 кг, ноосны гарц 12 кг, ноосны урт 15 см, эм хонины амьдын жин 80.0 кг, ноосны гарц 7.0 кг ноосны урт нь 13 см хүрч, ноосны өтгөн, жигд, урт атираа, зунгаг зэрэг бусад үзүүлэлтүүд нь бүрэн хангалттай хонь юм.

Орхон хонийг бий болгоход оролцсон эрдэмтэн судлаачид, малчдын дундаас Монгол Улсын Гавьяат зоотехникч Т.Аюурзана, МУ-ын төрийн соёрхолт зоотехникч Ж.Дашцэрэн, Ж.Рааш, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар хоньчин А.Хөх-Уул, С.Гончигбал, Т.Тэрбиш, улсын аварга малчин Ц.Адъяа, П.Хамбага, Т.Тунгалаг, Т.Жигжиддорж, Ч.Раднаа, Г.Нямбуяндэлэг хурдан хяргагчдын улсын уралдааны аварга Т.Дүгэрсүрэн, мал аж ахуйн аварга мэргэжилтэн Д.Дагдан, н.Пүрэвсүрэн нарын алдартанууд төрөн гарсан түүхтэй.

Эх орны үүлдэр, хүний оюуны бүтээл болох “Орхон үүлдрийн хонь” бий болсон түүхт 60 жилийн ойг тохиолдуулан сумын Сайн малчин Ц.Бадрахын гэр бүлээс Орхон хонины хөшөөг бүтээсэнд Талархал илэрхийлье.

Орхон сумын ЗДТГ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.111.92) 2022 оны 07 сарын 09

Хүнийг хонь болгоод 4 хөллүүлээд эргүү юм шиг хойно урдаа ороод яавч эрүүл хүний хийх хийлгэх үйлдэл биш шүү дээ Тэнэг тэнэг гэхэд үүнээс илүү тэнэг юм байхгүй байх аа

0  |  0
Mal mal(172.58.139.149) 2022 оны 07 сарын 09

Baga angiin 1-2 angiin huuhduudiig honi shig huvtsaslaad 2 holoor yavuulaad hiichihgui mal garuud.

0  |  0
Top