Д.Сумъяабазар: Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон хоёрыг түрүүлэхийг үгүйсгэхгүй

2022 оны 07 сарын 12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны өнгийг нэгийн давааны өмнө хэрхэн шинжсэнийг хүргэе. Тэрээр энэ жилийн наадамд залуу бөхчүүд өнгөлж, давамгайлан барилдана гэж харж байна.


Тэрээр "Энэ жил Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна.  Ардын хувьсгал бол шинэ цагийн Монгол орны тусгаар тогтнолын амин сүнс байсан гэж боддог. Энэхүү түүхт ойд монгол туургатан 40 гаруй залуус зодоглож байна.

Энэ жилийн наадамд залуучууд өнгөлж, давамгайлан барилдана гэж харж байна. Тэр дундаа Өвөрхангай аймгийн Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон хоёрыгоо улсын цолд хүрнэ гэж хүлээж байна. Түрүүлэхийг ч үгүйсгэхгүй.

Цоо шинэ, битүү, сайн бэлтгэлтэй залуу бөхийн наадам болж магадгүй шүү. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор би улсын баяр наадамд Азжаргал начинтай үзүүр түрүүнд үлдэж байсан. Томоохон ойн баяруудаар шинэ, залуу бөх төрдөг талтай. 

Монгол үндэсний бөх бол бидний өв соёлыг харуулсан спорт. Монгол туургатны төлөөллүүд болон Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс бөхийн спортоор хичээллэдэг, сонирхдог залуус баяр наадамд оролцон, барилдаж байна. Илүү олон залуус үндэсний бөхөөр хичээллэж, уг спортын уламжлал, түүхийг судлаасай гэж хүсдэг. Гадаад хүмүүсийг ч гэсэн баяр наадамд оролцуулбал үндэсний соёл, түүх, уламжлалаа олон улсад сурталчлах давуу талтай шүү дээ" хэмээв.

Үнэхээр л хотын даргын нэрлсэн хоёр бөх гурвын давааг давж чадлаа. Тодруулбал, аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын заан Т.Санчираар, Б.Цэдэнсодном улсын начин Н.Бүрэнбаатараар гурав давлаа.

Яг одоо хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Энэ мөчид Хүчит бөхийн барилдааны ГУРВЫН ДАВААНЫ ДҮЙЗИЙГ ЭНД дарж танилцана уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.39) 2022 оны 07 сарын 12

Энэ уг нь бөх тайлбарлагч, аналист энэ тэр хийсэн шигээ явж байсан бол өрөөлд ч, өөрт нь ч хичнээн амар байх билээ

0  |  0
Top