М.Идэрбат: Хүлээн авалт хийхгүй, иргэдээ чирэгдүүлэхгүй наадна

2022 оны 07 сарын 21

Сүхбаатар аймгийн  80 жилийн ойн баяр наадам энэ сарын 28-30-ны өдрүүдэд болно. Наадмын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар  тус аймгийн Засаг дарга М.Идэрбаттай ярилцлаа.


-Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн баяр дөхөж байна. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Монгол Улсын Засгийн газраас Сүхбаатар аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 29,30,31-нд хийх шийдвэрийг гаргасан. Харин бид хэлэлцээд нэг хоногийн өмнө буюу  28,29,30-нд тэмдэглэхээр бэлтгэлээ хангаж,  ажил ид өрнөж байна. Энэ  сарын 28-нд баярын хурал,шагнал гардуулах ёслолоор наадам эхлэх бол 29-нд баяр наадмын албан ёсны нээлт, үндсэн үйл ажиллагаануудаар үргэлжилнэ.

-Наадмын шинэ талбайн ажил баяраас өмнө амжиж дуусах уу?

-Иргэд шинэ  талбайн ажил хугацаандаа амжих эсэхэд санаа чилээж шиг байна. Бид онцгойлон анхаарч, орон нутгаас нэмэлт  хүч гарган гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж байгаа. Бүх зүйлийг шинээр хийж байгаа  учир ажиллагаа их орж байна. Дээрээс нь ойрын өдрүүдэд хур бороо ихтэй байгаа нь ажилд нөлөөлж байна. Гэхдээ бид энэ  сарын 28 гэхэд талбайг 90 хувийн гүйцэтгэлтэй хүлээж авахаар төлөвлөсөн. Гүйцэтгэгчид  өдөр шөнөгүй ажиллаж байна.

-Сүхбаатар аймаг адууны эх орон, хурдны өлгий нутаг учир иргэд, хурдан морины уралдаан маргаангүй сайхан болоосой гэж хүсэж, хүлээж  байна?

- Хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын журмыг дагаж мөрдөнө.  Морины комисст  үүрэг чиглэл  өгсөн,  гол нь морины сэрвээ хэмжих ажлыг мэргэжлийн хүнээр маш нарийн гүйцэтгүүлэх хэрэгтэй. Эрлийз морины уралдааныг энэ сарын 28-нд гурван насны ангиллаар явуулна. Уяачид өөрсдөө маш сайн зохион байгуулалттай байж, салбар комиссоос өгсөн заавар зөвлөмжийг  дагаж, наадах хэрэгтэй. Хурдан морины бүртгэлийн хураамжийг аль болох бага байхад анхаарч, 20 мянган төгрөг байхаар  тогтсон. Бүр хураамжгүй болгож бас болохгүй, баяр наадмаа  элдэв хэл ам, маргаангүй хийх хэрэгтэй.

-Баяр, наадмаар олгодог  зөвшөөрөл, төлбөртэй зогсоол гэх мэт зүйлүүдийг хэрхэн шийдсэн бэ?

-Цар тахлаас шалтгаалан аймаг гэлтгүй улсын хэмжээнд  өнгөрсөн жил наадаж чадаагүй. Энэ жил аймгийн түүхт ой тохиож байна, бид иргэдээ сайхан наадуулахын төлөө зорьж байгаа. Иймд  Засаг даргын зөвлөл хуралдаж, наадмаар авто машинд А, Б гэх мэт тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэсэн.  Зөвхөн ганц төрлийн буюу  баяр наадмын үйлчилгээнд явж байгаа авто машинуудад л  зөвшөөрөл олгоно. Мөн авто машины зогсоолыг тусгайлан заахгүй. Иргэд хүссэн газраараа зорчиж, хүссэн газраа машинаа тавьж болно. Үүнтэй холбоотой  талбайн 5000 авто машины зогсоолоос гадна  нэмэлт зогсоолуудыг бий болгосон.

-Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зөвшөөрөл олгох уу?

 -Энэ наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд  зөвшөөрөл  олгохыг хориглосон. Өөрөөр хэлбэл худалдаа үйлчилгээ эрхлэх иргэд шууд үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн үг. Харин эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлаа хангах тал дээр өөрсдөө маш сайн анхаарч, мэргэжлийн байгууллагын тавьж байгаа шаардлагыг биелүүлэх хэрэгтэй юм.

-Наадмын шинэ талбай аймгийнхаа зүүн захад оршдог тул  нийтийн тээврийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Ийм  боломж бий юу?

-Өмнө нь наамдын талбай нь баруун талд, морь бариа нь зүүн захад байсан. Наадамчид энэ хоёрын хооронд явахад  хүндрэлтэйгээс  гадна олон хүний  хөл хөдөлгөөнөөс шалтгаалан  тоос  шороо маш их дэгддэг байдал бий болоод байсан.  Энэ жил бүгдийг нэг дор шийдвэрлэж, наадмын бүх үйл ажиллагаа нэгдмэл болж  байгаагаараа онцлогтой. Мэдээж талбайн төвөөс бага зэрэг зайтай учир баяр наадмын өдрүүдэд нийтийн тээвэр гаргахаар төлөвлөсөн. Энэ ажлыг хариуцсан, зохион байгуулах тусгай ажлын хэсэг гарсан.

-Хүндэтгэлийн хүлээн авалт  хийхгүй гэж мэдэгдсэн байна?

-Төрийн тусгай хүлээн авалт гэж хийхгүй. Мэдээж, аймгийнхаа түүхт ойг зорьж гаднаас маш олон  зочид төлөөлөгчид ирнэ.  Бид тусгай зочдоо баяр наадмын талбай хэсэгт байрлах хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч, төрийн хүндэтгэлийг үзүүлнэ. Баяр наадмын талбайн хойд хэсэгт сумдын болон аймгийн хүндэтгэлийн өргөөнүүд байрлана. Аймгийн түүхт 80 жил гэдэг бол хүндэтгэлтэй сайхан үйл явдал. Баяр наадмын бэлтгэл ажлыг салбар хороод, аж ахуй нэгж,  төрийн болон төрийн бус байгууллагууд   дор бүрдээ базааж, эрвийх дэрвийхээрээ хичээн ажиллаж байна. Бид аль болох хүндрэл чирэгдэл  үүсгэхгүй байх, иргэдийнхээ  аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (122.201.21.233) 2022 оны 07 сарын 21

ТҮҮХТ ОЙГОО САЙХАН ТЭМДЭГЛЭЖ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ . ДАРЬГАНГАЧУУДАА .

0  |  0
Зочин(103.229.120.143) 2022 оны 07 сарын 21

Тэр ой, наадам яах вэ тэгээд нэг юм болдгоороо болоод енгерне, гол нь хуухэд шуухад морьноос унагаж, элдэв асуудал гаргахгуй л зохион байгуулах хэрэгтэй ш дээ, энэ нехрийн гол анхаарах юм тэр, индэр дээр сууж хэлбэрэхдээ гол нь биш шуу

0  |  0
Top