Монголын балетын үндэсний сургуулийн ЭЛСЭЛТ эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 08 сарын 02


Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын үндэсний сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтээ авч байна.

Хүүхэд бүр балетын боловсролыг өөр салбарын мэргэжил, сонирхолтой хослуулах боломжтойг тодотгодог тус сургууль нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нас насны онцлогт тааруулсан хөтөлбөрөөр анги дэвших системтэй хичээлийн жилийн буюу 9 сарын үндсэн сургалт явуулдагаараа онцлогтой юм.

Хүүхдийн хөтөлбөртөө  2-7 нас, Сонгодог балетын хөтөлбөртөө  8-17 нас, Насанд хүрэгчдийн хөтөлбөрт 16 болон дээш насны суралцагчдыг хамруулан балеттай танилцуулах, балетаар дамжуулан хүүхдийн авъяас чадварыг нээн соён гэгээрүүлэх, сонгодог бүжгийн ирээдүйн үзэгчид болон төлөөлөгчдийг бэлдэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна .

Сонгодог бүжгийн урлагаар хичээллэснээр хүүхдийн бие зөв хөгжиж, уян хатан байдлаа хадгалдаг бөгөөд гоо зүйн мэдрэмж дээшлэх, биеэ зөв авч явах, тэвчээртэй болох, багаар ажиллах чадвар зэрэг насан туршийн суурь чадваруудад нэг дор суралцах боломжтойн дээр балет хэмээх гайхамшигт ертөнцөөр аялж мартагдашгүй дурсамжийг олж авдаг.

Монголын балетын үндэсний сургууль нь зориулалтын орчинд АНУ, Оросын хөтөлбөрийг хослуулсан сургалтыг мэргэжлийн, туршлагатай багш нараар хүргэдэг.  Мөн тууштай бодлого, үйл ажиллагааныхаа үр дүнд олон улсад Монгол орны балетын төлөөлөгч нэгэнтээ болоод байгаа билээ.

Сургалтын хүрээнд АНУ-ын "Бостон" балет, ОХУ-ын Улаан-Үд хотын Сахьянова, Абашеев нарын нэрэмжит бүжгийн коллежтэй албан ёсоор хамтран ажилладаг бөгөөд өөр олон орны балетын сургууль, студиудтэй хамтын ажиллагаа, солилцооны хөтөлбөр нээлттэй байдаг.

Тэтгэлэг, төлбөрийн уян хатан нөхцөл боломжтой байдаг ба балетад хайртай, хамтран ажиллах сонирхолтой хүн бүрт үүд хаалга нь нээлттэй байдаг болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахын хүсвэл ЭНД дарна уу.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top