Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

Өнөөдөр /2022.08.03/ цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх зарим асуудалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдааныг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Д.Бауыржан даргалан хуралдуулсан бөгөөд энэхүү хуралдаанаар 2 асуудлыг хэлэлцэв.

Онцгой комиссын дарга аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байгаа тухай хэлж, үүнтэй холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчукээс нөхцөл байдлын тухай тодрууллаа. Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук “наймдугаар сарын 01-ний шөнө буюу 23:00 цагт Нэгдсэн эмнэлэгт тарваганд хазуулсан 39 настай, эрэгтэй яаралтай тусламжийн тасагт ирж анхны тусламж авсан бөгөөд түүнийг тарваган тахлын шинж тэмдэгтэй гэж үзэн тусгаарлан эмчилж эхэлсэн бөгөөд сэжигтэй тохиолдол гэж үзэн аймгийн Зоонозын өвчин судлалын төвт мэдэгдсэн байгаа. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал сайжирч, хэвийн байгаа” гэдгийг мэдээллээ.

Дараа нь Зоонозын өвчин судлалын төвийн дарга Ч.Үржих мэдээлэл өгөв. Тэрбээр “Дээрх өвчтөнөөс 4 төрлийн дээж авч шинжилгээг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид хийж байна. Мөн өвчтөний хөөмийн арчдас, булчирхайн шүүдэс, цусны ийлдэс зэрэгт Тарваган тахлын түргэвчилсэн оношлуур тестээр шинжилгээ хийж үзэхэд тарваган тахлын өвөрмөц эсрэг төрөгч илрээгүй сөрөг гарсан. Гэхдээ нян судлалын шинжилгээ үргэлжилж байна. Сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал 6 хүн байгаа бөгөөд өвчтөний гэрт тусгаарласан байгаа гэв.

Мөн энэ үеэр Засаг дарга Д.Бауыржан “Өнгөрсөн хугацаанд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ, Горный Алтай мужийн ТТЭСС-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг манай аймгийн голомтот нутгуудад тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил, хүн амын халдварлах эрсдэлийг тогтоох зорилгоор тандалт судалгааг хийсэн тухай дурдаж, судалгаагаар тахлын байгалийн голомт идэвхжиж, тархвар судлалын өндөр эрсдэлтэй байгааг тогтоосон гэдгийг” онцлон сануулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top