“Бадма, Чагдар хоёр”-ыг амилуулсан Янжин монгол хүүхдүүдтэй уулзав

2022 оны 08 сарын 07

ОХУ-ын Буриад улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Буриад улсын “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаач, найруулагч Эрдэни Жалцанов болон түүний охин, “Бадма, Чагдар хоёр”-оор үзэгчдэд хоногшсон, уг хоёр хөвгүүний дуу хоолойг оруулан жүжиглэсэн 10 настай Янжин нар монгол хүүхдүүдтэй уулзлаа.

Тэд Буриадад зуны сургалтад оролцсон “49-р гудамж” хүүхдийн театрын “Цоглог” студийн хүүхдүүдийн төгсөлтийн уран бүтээлийн уулзалт дээр ирсэн явдал Монголын уран бүтээлч хүүхдүүдэд гэнэтийн бэлэг болжээ.
 


Улаанбаатар дахь Русский Дом хөрш Буриад улсын Ардын жүжигчин, Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Буриад Улсын Бүжгийн коллежтай хамтран “Тэнгэрлэг авьяас-2022” сонгодог бүжгийн олон улсын зуны сургалтыг санаачлан зохион байгуулж буй.

Хоёр дахь мастер классаар Орос, Монголын соёл урлагийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээг тэлэх зорилгоор урлагийн жанр, сургалтын агуулгын хувьд өргөжүүлэх зоригтой алхмыг хийжээ. Анх удаа тайзны хөдөлгөөн, ритмик буюу бүжгийн хэм хэмнэлийг драмын орчин үеийн цоо шинэ жанртай хослуулсан сургалтыг амжилттай зохион байгуулжээ.
 

Монголын залуу уран бүтээлч хүүхдүүдэд “Тэнгэрлэг авьяас-2022” Олон улсын сургалтыг төгссөн тухай ОХУ-ын нэмэлт боловсролын стандарт бүхий гэрчилгээг “Бадма, Чагдар хоёр” цуврал хүүхэлдэйн киног бүтээсэн уран бүтээлчид гардуулсан байна.

Цаг гаруй үргэлжилсэн уулзалт дээр “Цоглог”-ийнхон Янжинаас олон асуултуудын хариуг авч, Янжин охины тухай олон зүйлсийг таньж мэдэж, “Бадма, Чагдар хоёр” хүүхэлдэйн кино хэрхэн төрж, хэрхэн цаашид үйл явдал нь өрнөх талаар сонирхолтой яриа өрнүүлжээ.

Мөн жүжигчин хүүхдүүд уг хүүхэлдэйн киноны хамгийн дуртай хэсгээсээ жүжиглэж үзүүлсэн нь найруулагч, урлаг судлаач Эрдэни Жалцанов, түүний охин Янжин болон хүүхэлдэйн киног бүтээсэн аниматор, сэтгүүлч ээжийнх нь хувьд гэнэтийн бэлэг болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top