Олимпийн наадамд амжилттай оролцон медаль хүртэж, эх орныхоо нэрийг дуурсгасан ахмад тамирчдад мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын 2011 оны долдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаас гаргаж мөнгөн медаль хүртсэн тамирчдад 15 сая, хүрэл медаль хүртсэн тамирчдад 10 сая төгрөг олгохоор болов. Тухайлбал, 1968 оны Мехикогийн олимпийн наадмын мөнгөн медальт Ж.Мөнхбат /чөлөөт бөх/, 1972 оны Мюнхены Олимпийн мөнгөн медальт Х.Баянмөнх /чөлөөт бөх/, 1976 оны Монреалийн олимпийн наадмын мөнгөн медальт З.Ойдов /чөлөөт бөх/, 1980 оны Москвагийн олимпийн наадмын мөнгөн медальт Ц.Дамдин /жүдо бөх/ нарт болон 1980 оны Москвагийн олимпийн наадмын мөнгөн медальт Ж.Даваажав агсны гэр бүлд тус бүр 15 сая төгрөг, 1968 оны Мехикогийн олимпийн наадмын хүрэл медальт Ч.Дамдиншарав /чөлөөт бөх/, Д.Сэрээтэр /чөлөөт бөх/, 1980 оны Москвагийн олимпийн наадмын хүрэл медальт Р.Даваадалай /жүдо бөх/, 1988 оны Сөүлийн олимпийн наадмын хүрэл медальт Н.Энхбат /бокс/, 1992 оны Барселоны олимпийн наадмын хүрэл медальт Д.Мөнхбаяр /буудлага/, 1996 оны Атлантын олимпийн наадмын хүрэл медальт Д.Нармандах /жүдо бөх/ нарт болон 1968 оны Мехикогийн олимпийн наадмын хүрэл медальт Т.Артаг агсан, 1980 оны Москвагийн олимпийн наадмын хүрэл медальт Д.Оюунболд агсны гэр бүлд тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ. Монгол Улсын тамирчид 1964 оноос эхэлж Олимпийн наадамд оролцсон юм. Харин анхны медалийг Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат нар 1968 оны Мехикогийн наадмаас эх орондоо авчирсан түүхтэй. Түүнээс хойш манай тамирчид олимпийн наадмаас хоёр алт, долоон мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )