ШАТРЫН ОЛИМПИАД: Өнөөдөр шатарчид сүүлийн өргөө нүүнэ

Админ | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

Энэтхэгийн Ченнай хотноо үргэлжилж буй 44 дэх удаагийн Шатрын олимпиадын 10 дахь өдрийн тэмцээн ид үргэлжилж байна.

Өчигдөр (2022.08.08) Монголын эрэгтэй шатарчид маань Зимбабве улсын багтай оноолт таарсан. Манайхаас Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Ган-Эрдэнэ хожил авч, С.Билгүүн хайнцан , 3,5:0,5 оноогоор өрсөлдөгч багаа хожлоо.

Манай эмэгтэй баг Болгарын шигшээтэй энэ өрөгт оноолт таарсан бөгөөд манайхаас А. Энхтуул, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар  хөлгийн ард суулаа. 



Бас нэг баярт мэдээ нь Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчин , эмэгтэй Олон улсын мастер Төрмөнхийн МӨНХЗУЛ олимпиадын үеэр эмэгтэй ИХ МАСТЕР цолны болзлыг хангажээ. Т.Мөнхзул олимпиадад 9 өрөг нүүснээс 5 хожин, 4 тэнцэн, нэг ч хожигдолгүй яваа билээ.

Тэрбээр ийнхүү Монголын долоо дахь эмэгтэй Их мастер цолтон болж байна. Энэ жил 20 настай Т.Мөнхзул 2019 онд БНХАУ -ын Шинтай хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч байсан юм.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Манай эмэгтэй багаас Их мастер цолын болзлыг биелүүлээд байгаа Т. Мөнхзул маань Болгарын Г.Пейчеватай хоёрдугаар ширээнд хараар нүүн хайнцлаа. Монгол-Болгар 0,5:0,5.

Т.Мөнхзул ийн 10 өрөг наадаж, 5 хожил, 5 хайнаатай боллоо.

Нэгдүгээр ширээнд А.Энхтуул хайнцан, гуравдугаар ширээнд Б.Мөнгөнзул хожил авч, онооны харьцаа 2:1-ээр манайх хошуучилж явна. Ямар ч байсан хожигдохгүй нь лав боллоо. Одоо Д.Мөнхзул маань доор хаяж хайнаа хийхэд л манай багт хожил ирэх нь. Д.Мөнхзул тэнцэх боломжийг алдан хожигдол хүлээснээр 2:2 -оор тэнцлээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: 10 өргийн дараа манай эмэгтэй баг 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтойгоор 162 багаас 12 дугаар байрт бичигдлээ. Өнөөдөр манай охид Францын шигшээ багтай сүүлчийн 11 дэх өргөө нүүнэ.

Хувийн буюу ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд А.Энхтуул 8 өргөөс 2 хожил, 5 тэнцээ, 1 хожигдолтой , 4,5 оноотой 16-р байрт, гуравдугаар ширээнд Т.Мөнхзул 10 өрөг тоглосноос 5 хожил, 5 тэнцээтэй, хожигдолгүй, 7,5 оноотой долдугаарт, дөрөвдүгээр ширээнд Б.Мөнгөнзул 9 өргөөс 8 хожил, нэг хожигдолтой ,8 оноотой ширээндээ хоёрдугаарт бичигдэн, медальд тун ойрхон байна.

Эрэгтэй баг маань 10 өргийн дараа 5 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой 188 багаас 45 дугаарт бичигдэж байна.

Өнөөдөр Кыргызстаны шатарчидтай сүүлчийн өргөө наадна. Манай залуусаас гуравдугаар ширээнд Б.Гүндаваа 7 өрөг тоглож, 4 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтой 18 -д жагсаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.161.242.118) 2022 оны 08 сарын 09

Сүүлийн өрөг шүү. Амжилт..

0  |  0
Top