Ван И МОНГОЛД буюу Хүлээлтэд хүрсэн АЙЛЧЛАЛ

2022 оны 08 сарын 09

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчиллаа. 

Айлчлалын хүрээнд өчигдөр (2022.08.08) Гадаад харилцааны сайдууд албан ёсны хэлэлцээ хийлээ. Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин, хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдсэн байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-тай сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын нэн тэргүүний зорилт болохыг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, өргөжүүлж, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэжээ. Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар мөн ярилцжээ.

Түүний дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхсан. Энэ үеэр цар тахлын дараа эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан боомтын болон эрчим хүчний сэргэлтийн хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын шинэ гарц нээх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох бүтээн байгуулалтын талаар санал солилцсон. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болов.

Мөн Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллахаар болов. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөрш бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч тасралтгүй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжыг хадгалж, хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ. Ван И сайд БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхэд Хятадын Засгийн газраас бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа мөн илэрхийлсэн байна.

Энэ удаагийн айлчлалаас манай талын хүлээж байсан үр дүн нэлээд өндөр байсан юм. Тийм ч учраас улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон хүн анхаарал хандуулж байсныг хэлэх нь зүйтэй.

Ван И сайдын энэ удаагийн айлчлал ч үр дүнгээ өгч, хүлээж байсан хүлээлтэд хүрч олон чухал асуудлыг шийдвэрлэсэн айлчлал болсныг шинжээчид дүгнэж байна. Юуны түрүүнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт баригдах Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцыг барих санхүүжилтийг шийдвэрлэсэн нь маш чухал алхам боллоо. Үүнийг бүрэн шийдүүлэх зайлшгүй шаардлага, хэрэгцээ байгааг Засгийн газрын тэргүүн ч өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм.

Мөн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалтай байгаа энэ үед валютын нөөцөө нэн яаралтай нэмэгдүүлэх шаардлагатайг олон улсын байгууллагууд хэлж байгаа. Харин бидний валютын нөөцийг бүрдүүлэгч нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, боомтын гарцыг сайжруулахад хамтран ажиллахаа хятадын талаас мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ч дэмжин ажиллаж, хамтарсан төсөл боловсруулан ажиллахаар болсон.

Гадаад харилцааны сайд нарын уулзалтын дараагаар Ван И сайд хэлсэн үгэндээ “Талууд уулзалтын үеэр бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон. Мөн хоёр улс бие биенийхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, Хятадын талаас Монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын талаас “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжаань, Хонг конгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна. Цаашид талууд хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, хилийн боомтууд нээх, төмөр зам, автозам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын тээврийн гинжин хэлхээг хадгалахад хамтран ажиллахаа илэрхийллээ” хэмээн хэлсэн.

Нэг ёсондоо энэ удаагийн айлчлал хүсэн хүлээсэн үр дүнгээ өгч, олон төсөл хөтөлбөрийн санхүүжилт шийдэгдсэн төдийгүй манай улсын зүгээс тавьсан бүхий л асуудалд хятадын тал найрсаг хандаж, толгой дохин зөвшөөрсөн гэж хэлж болох юм.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.78) 2022 оны 08 сарын 11

Чойжоо луухаанаа хол очиж чацгаа дусаа золбин данжаад минь

0  |  0
Чойжоо(124.158.65.119) 2022 оны 08 сарын 10

сэтгэгдлээ бичсэн хүмүүсийг ТЕГ заавал олох хэрэгтэй.Хэний даалгавар бодлогыг хэрэгжүүлж байгаа хүмүүс.Хөрш орнуудтайгаа Монгол улсыг муудалцуулж хэн юу хожих гээд урт хугацааны нууц бодлого явуулаад байна. Ийм хорт бодлого Баавар Батбаярынхан хэрэгжүүлэх гээд олон жил янз бүрээр оролдоод үр дүн тааруухан гарсан байдаг.Гэхдээ үүнийг зогсоох шаардлагатай

0  |  0
Зиндаа(202.9.46.199) 2022 оны 08 сарын 09

Монгол устах эмгэнэлтэй боллоо золбин хятад монголыг залгихаар боллоо.

0  |  0
Зоч(202.9.46.199) 2022 оны 08 сарын 09

Монгол устах хугацаагаа наашлуулсан гэрээ боллоо монгол устах цаг айсуй мянмар2 болох нь бараг ойлгомжтой.

0  |  0
бра(202.179.27.247) 2022 оны 08 сарын 09

Багануурт ц станц барина шэсэн худлаа болсну

0  |  0
зочин(64.119.23.200) 2022 оны 08 сарын 09

урд хөрштэй найрсаг байж л монголын эдийн засаг өснө сая цар тахлын үеэр бүгд өмдөндөө шээс алдсан гэдгийг мэдэж байгаа биз дээ тэнгэ минь

0  |  0
Зочин(202.9.46.74) 2022 оны 08 сарын 09

Ван и Монголыг Хятадад нэгтгэх хугацаагаа наашлуулхад чухал гэрээнүүд хийгээд буцлаа. Манай хэдэн тэнэг бас мөнгөтэй боллоо. Али али нь л баяртай байна. Ард түмэн л хохирлоо.

1  |  0
Top