НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилж байна.
Тэрбээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзсаныхаа дараа өөрийн албан ёсны твиттер хуудаснаа “Монгол Улс цөмийн зэвсгээс ангид гэдгээ харуулсаар байгаа. Энэ жишгийг бусад олон орон дагана гэж найдаж байна” хэмээн бичжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийж буй айлчлал болон түүний жиргээ бусад олон орны анхаарлыг татаж байгаа нь гарцаагүй.
Гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс түүний Монгол Улсад хийж буй айлчлалын талаар хамгийн түрүүнд ОХУ-ын ТАСС агентлаг мэдээллээ.
Тус агентлаг “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан мод тарих “Тэрбум мод” санаачилгын хүрээнд арга хэмжээнд оролцоно” гэж мэдээлсэн байлаа.
ТАСС агентлаг мөн “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монголд хийж буй айлчлал Монгол Улсын гурван чухал ойтой давхцаж байна. Монгол Улс НҮБ-д 1961 онд элссэн билээ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас энэхүү тэгш ойг тэмдэглэж чадаагүй юм. Мөн энэ жил Монгол Улс цөмийн зэвсгээс ангид гэдгээ зарласны 30 жилийн ой тохиож байна. Түүнчлэн 2022 онд Монголын дайчид НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа юм” хэмээн онцолжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын онцолсон Монгол Улс цөмийн зэвсгээс ангид гэдгээ харуулсаар байгаа тухайд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Антонио Гутеррештэй уулзах үеэрээ “Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг болохоо дахин нотолж, өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа” гэж мэдэгдсэн юм.
Г.Занданшатар олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байгааг онцолсон билээ.
Мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирснийг хэлээд Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэнг Монгол Улсад байгуулах талаарх санаачилгыг дэмжиж ажиллахыг хүссэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мөн Монгол Улс ардчилсан шилжилтийг амжилттай хийсэн Азийн жишиг улс болохыг онцлон тэмдэглэсэн юм.
Мөн Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирснийг онцолжээ. Түүнчлэн цар тахал, олон улсын нөхцөл байдлын улмаас хилийн хорио, дэглэм тогтож, худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн амаргүй цаг үед Монгол Улсын төр засгаас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн байна.
ТАСС агентлаг түүний Монголд хийж буй айлчлалын талаар “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд зэрэг бүх удирдлагатай уулзана. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын байранд зочилж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ” гэж мэдээлжээ.
Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарласан тухайд, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар баталсан юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энэ удаагийн айлчлал цөмийн зэвсэггүй бүс нутагт хийж буй айлчлал гэдгээрээ чухал ач холбогдолтой.
Сэтгэгдэл ( 0 )