Их мастер А.Энхтуул: Бид бие, биенийхээ амжилтыг хамтдаа бүтээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

Энэтхэгийн Ченнай хотод 12 хоногийн турш үргэлжилсэн 44 дэх удаагийн Шатрын олимпиад өчигдөр (2022.08.09) өндөрлөлөө. Тус олимпиадад манай улсын эрэгтэй баг 188 багаас 35 дугаар байрт, эмэгтэй баг 162 багаас 15 дугаар байрт шалгарсан юм.

Ширээний дүнгээр эмэгтэйчүүдээс дөрөвдүгээр ширээнд Б.Мөнгөнзул нэгдүгээр байр эзлэн, алтан медаль хүртсэн. Мөн Т.Мөнхзул 11 өрөг тоглохдоо 5 хожил, 6 тэнцээтэй, нэг ч хожигдолгүй тэмцээнээ өндөрлүүлж, ИХ МАСТЕР цолны болзлыг биелүүллээ.

Нэгдүгээр ширээнд А.Энхтуул 19-д, эрэгтэйчүүдээс гуравдугаар ширээнд Б.Гүндаваа 16- р байрт буюу "Топ-20"-д багтлаа.

Баг тамирчид эх орондоо хараахан ирээгүй байгаа бөгөөд "Топ-20"-д багтсан их мастер А.Энхтуул цахим сүлжээнд баярын сэтгэгдлээ хуваалцжээ. 

Тэрбээр "Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоож, залуучуудаас бүрдсэн шинэ үеийн төлөөлөл болсон баг маань бахдам сайхан амжилт үзүүллээ. Бид тэмцээн эхлэхэд олон улсын чансаагаар 28-д жагсаж байсан бөгөөд тэмцээний туршид дандаа дэлхийн шилдэг багуудтай оюун ухааны хүчээ үзлээ. Миний бие нь анх удаагаа Монгол Улсын багийн лидер тоглогчоор 1-р ширээнд өрсөлдөхдөө дэлхийн шилдэг улсуудын No1 шилдэг шатарчидтай тоглож, ОУ-ын чансаагаа 27 оноогоор ахиуллаа. Хувийн дүнгээр 1-р ширээнд дэлхийн 162 орны шилдэг шатарчдаас ТОП 20 байрын 19-д багтлаа. Нийт 9 тоглохдоо 2 эрэгтэй Их мастер, 5 эрэгтэй ОУМ, 1 эмэгтэй Их мастер, 1 эмэгтэй ОУМастертай тоглож 2 хожиж, 5 тэнцэж, 2 хожигдон 4.5 оноо авлаа. Багийнхаа уур амьсгалыг эв найртай байлгаж, шинэ түүхэн амжилтыг гаргахын төлөө багийн лидерийн хувьд хөлөг дээр ч, амьдрал дээр ч алхам бүрээ цэгнэж, дүү нартаа сайн үлгэр дуурайлал болохын төлөө мөн эх орныхоо төлөө хамгийн сайнаараа хичээлээ.

1-р ширээнд улс, улсын зөвхөн шилдэгүүдтэй тоглоно гэдэг асар их хариуцлага дагадаг. Намайг явахад хүн бүр 1-р ширээ сайн тоглож байж, бусад нь сайн тоглоно гэж хэлэх захиасууд өрөг бүрт маш их дарамт болж байсныг нуух юун. Өөрийнхөө төлөө биш багийнхаа бүх гишүүдийн төлөө, эх орныхоо төлөө тоглож байсан учраас 1-р ширээнд оноо "алдаж" болохгүй гэх бодол мөнхийн зуураастай хэцүү байсан учир эрсдэл гаргалгүй олон хожлын өргүүдээ алдаж, тэнцээ болгосон нь харамсалтай ч сургамжтай. Гэлээ ч гэсэн хариуцлагаа ухамсарлаж, өөрийн үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж өчүүхэн би найдаж байна. Хэрхэхийг түмэн олон минь шүүнэ биз ээ.

Миний багш МУГД, ОУМ Пүрэвийн ЖИГЖИДСҮРЭН болон Их мастер Гомбосүрэнгийн МӨНХГАЛ ахдаа, дасгалжуулагчдаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!

Намайг үргэлж дэмждэг СЭЛЭНГЭ аймгийн үе, үеийн удирдлагууд, нутгийн зон олон, Дотоодын Цэргийн 805-р ангийн бие бүрэлдэхүүндээ мөн гүн талархал илэрхийлье!

Эцэст нь, баг хамт олон эв найрамдалтай, нэгдмэл бодолтой, элэн далангүй, 5 өөр хүн нийлээд нэг цул хэрхэн болж чаддагийг бид харууллаа. Бие, биенийхээ амжилтыг ХАМТДАА бүтээлээ. Үүний жишээ нь манай Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул дүү нарын маань амжилтаар тод харагдаж байна. Би анхнаасаа дүү нартаа итгэж байна гэсээр эх орноосоо хөдөлсөн. Итгэлийг минь алдаагүй багийнхандаа болон багийн ахлагч Ц.Батсайхан багшдаа маш их баярлалаа. Нэг, нэгнийхээ төлөө гэсэн сайхан сэтгэл аугаа үйлийг бүтээдэг юмаа. Тийм ээ, БИД чадлаа" гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин1(66.181.166.145) 2022 оны 08 сарын 10

Маш сайн байсан,их сайн тоглосон, Илүү их амжилт хүсьe

2  |  0
зочин(64.119.23.200) 2022 оны 08 сарын 10

бусад хүүхдүүдийг бодоход чамйаг илүү оймс элээсэн гэж шахалт үзүүлнэ биз дээ б

1  |  0
Top