ТОДРУУЛГА: Ховдын тарвасаас хоруу чанар илрээгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

Намар цагт Монголын хөрсөнд ургаж боловсорсон шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ хаа сайгүй гарч, иргэд аль болох тариаланчдын гар дээрээс авахаар тэднийг зорьж очдог билээ. Ховд нутгийг тарвасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ л үед Буянт голын усаар тэтгэгдэж, үржил шимтэй хөрсөнд тарьж ургуулсан  Ховд нутгийн тарвас илүү амттай гэлцдэг. Тэгвэл эрт тарьж ургуулсан, болц нь гүйцсэн шинэ ургацын тарвас Улаанбаатар хотноо хэдийн ирсэн билээ. Гэтэл Ховдын тарвас бордоотой, хүмүүс хордлогод орж гэдэс гүйлгэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад буй. Энэхүү сурвалжилгаараа энэ талаар холбогдох байгууллага болон тариаланчдаас тодруулан хүргэж байна.


Ховдын тарвас худалдаалж буй тариаланчидтай очиж уулзахаар Дулааны цахилгаан станц-IV зорьлоо. Бид үд дундын үед зорьсон газартаа ирэхэд урт тэвштэй хоёр том ачааны машин дээр тарвас зарж байгаа нь харагдав. Иргэд ганц нэгээр ирж тарвас амтлан, худалдан авч байлаа. Иргэд хувцсаа тарвасны шүүс болгохгүйг хичээж хагас бөгтийж амтархан идэж байв.

Үнэхээр ч тарвасны шүүс нь аагим халуунд амны цангаа тайлах эрүүл ундаа аж. Энэ зун Ховдод бороо хур бага байсан нь тарвас сайн ургаж, болц нь хурдан гүйцэх нэг шалтгаан болсон тухай худалдаачид ярьж байлаа. Энд худалдаалж буй тарвас нь судалтай, судалгүй гэсэн хоёр сортынх байсан юм. Замаар зөрж өнгөрөх машинууд тарвасны үнэ хэд болохыг асууж, хүмүүс амталж үзэн худалдан авч байв. Нэг килограмм тарвас 2500 төгрөг гэх бөгөөд шуудайгаар нь авсан тохиолдолд 2000 төгрөгөөр өгнө гэв. Шуудай тарвас ойролцоогоор 50-60 килограмм татдаг аж.

 

БОРДСООР БАЙГААД БОЛЦЫГ НЬ ҮРНИЙ ХОНОГООС ӨМНӨ БОЛГОНО ГЭЖ БАЙХГҮЙ

 

Бид Ховд аймгийн Буянт сумын иргэн Б.Шүрэнцэцэгтэй хэсэг хором ярилцсан юм. Тэрбээр “Манайх 1.3 га талбайд дөрөв дэх жилдээ тарвас тариалж байна. Эхний ээлжид нэг га талбайгаас 25 тонн тарвас хурааж аваад ирсэн. 20-30 хүүхдүүд нэг өдөрт хураасан. Өдрийн хөлс нь 30 мянган төгрөг гэдэг. Нэг тонн тарвасыг 250-300 мянган төгрөгийн хөлс өгч тээвэрлүүлсэн. Улаанбаатар хотод ирээд дөрвөн хоног болжээ. Тарвасыг олон газар худалдаалж байгаа гэхэд иргэдийн худалдан авалт сайн байна.

Хоёр жилийн өмнө тарвасыг ишнээс нь салгаад 20 хоног хадгалж байсан. Сэрүүн газар хадгалахад хэвийн, харин дулаан газар хадгалахад амархан мууддаг юм билээ.

Тарвас тарих үйл явц гэх юм бол тарих газраа хамгийн түрүүнд усалж дэвтээнэ. Дараа нь дэвтээсэн газраа хагалдаг. Ингэж хагалж бэлтгэсэн газартаа тарвасынхаа үрийг хийгээд, гялгар цаас дээгүүр нь татдаг. Үүний дараа усалгаа хийснээр 7-14 хоногийн дотор соёолж, навч нь гарч ирдэг. Үр хийснээс хойш сар гаруйн дараа тарвас маань гарч эхэлдэг дээ. Усалгаа л маш их шаардагддаг.

Манай нутагт энэ зун бороо бага орсон. Бороо орсон ч борооны усаар усалдаггүй юм. Усаа заавал талбай дундуур шаланк гүйлгэж байж л усалдаг. Манайд ургасан тарвасаас хамгийн дээд тал нь 10 килограмм жин татаж байсан юм. Олон жил тарьж байсан айлуудын тарвас 15 килограмм жин татаж байсан гэдэг юм билээ. Тарвасын том, жижиг ургалт нь газрынхаа хатуу, зөөлөн хөрснөөс шалтгаална. Хөрс хуучраад ирэхээр бордоо ашигласан ч ургадаггүй. Нэг хөрсөндөө хоёр жил тарьдаг. Хоёр жил тарьсан хөрсөө 2-3 жил өнжөөгөөд, тариалдаг. Бордоог огт ашигладаггүй гэвэл худлаа л даа.

Бордоо ашиглахгүйгээр тарвас ургана гэж байхгүй. Тарвасын ишийг 20-30 сантиметр ургаад эхлэхээр ишийг нь урт болгохын тулд амны халбаганы хэмжээгээр азотын бордоо хийдэг. Энэ нь ишний ургалтад хүч нэмж, хөрсөө сулладаг болохоос ямар ч хоргүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

“Наймдугаар сарын 1-н гэхэд тарвас гарна гэж юу байдаг юм. Бордсоор л байгаад томруулаа биз” гэж хүмүүс ташаа ойлголттой байдаг.  Гэвч үр нь 70 болон 100 хоногтой гэж байдаг. Эрт л тариалж чадах юм бол эрт л ургацаа авна гэсэн үг. Хоног нь гүйцэж байж л тарвас бүрэн гүйцэт болдог. Түүнээс биш бордсоор байгаад болцыг нь үрний хоногоос өмнө болгож байсан гэж би лав дуулаагүй. Гэдэс гүйлгэх, хордлогод орох нь тарвасны болцын явцаас л шалтгаалдаг гэдгийг байнга хэрэглэдэг бид нар ойлгосон. Мөн өглөө өлөн байхдаа тарвас идэх юм бол хүний гэдэс гүйлгэдэг гэдэг” гэсэн юм.

 

МХЕГ-ЫН ШИНЖИЛГЭЭГЭЭР ТАРВАСААС ХОРТОЙ БОДИС ИЛРЭЭГҮЙ

 

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ ургацын жимс, хүнсний ногооноос дээж авч шинжилгээ хийжээ.

Нийт 254 дээжийг авч аймгийн МХГ-ын “Нэгдсэн лабортори”-д хими хор судлал, хорио цээрийн үзүүлэлтээр шинжилгээнд хамруулсан байна. Уг шинжилгээгээр нитрит, хлор, органик пестицид, фосфор, токсин, хүнд металь, ургамлын өвчин, хөнөөлт шавьж, талбайн хог ургамал илрээгүй ба стандартуудын шаардлага хангасан байна” гэж дүгнэжээ.

Харин дараах зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагууд өгсөн юм. Тэрбээр “Тарвасаас хордож болно. Тарвас нь 90 орчим хувийн уснаас бүрддэг ч их хэмжээний амин дэм, ашигтай бодис агуулсан жимс. Тарвасын хордлого дулааны улиралд түгээмэл байдаг бөгөөд түүхий дутуу болсон тарвасыг хураан авч буруу нөхцөлд худалдаалж, зохисгүй нөхцөлд удаан хадгалснаас хордлогод хүргэнэ.

Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрэглэхдээ худалдаж авснаас тодорхой хугацааны дараа гэрийн хэмд хөргөж, гадаргууг сайтар угааж цэвэрлэсний дараа хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Учир нь наранд халсан ялангуяа тарвас, амтат гуанд агуулагдах бодисууд нь идэвхэжсэн байдаг учраас шууд хэрэглэхэд гэдэсний суулгах өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг байна. Тарвасыг хадгалахдаа 90 хувийн чийгшилтэй, 10-15 хэмд 2-3 долоо хоног, 25 хэмээс дээш бол тав хоног хадгална. Тарвас зөөлөрсөн бол этилийн хий үүссэн байдаг учраас зөөлөрсөн эсэхийг сайн шалгах нь зүйтэй” гэсэн юм.

Ховд аймгийн тээвэрчин Б.Батболд “Олон нийтийн сүлжээгээр бордоо ашиглаж тарвасын болцыг хурдан болгодог гэдэг бол ёстой худлаа. Иш нь цухуйж эхлэхэд л бордоо хийдэг. Тэр нь 90 хоногийн турш услахад угаагдаад л байхгүй болно. Харин малын өтөг, бууцаар борддог. Ховдоос Улаанбаатарт тарвасыг нэг тонн шатахуунаар тээвэрлэдэг. Улаанбаатар хот тэр дундаа баруун бүсийн аймгуудын тарвасны хэрэглээг Ховдын тарвас эзэлж байна. Сайны хажуугаар саар гэгчээр зах зээлээ булаацалдсан бусармаг аргаар Ховдын тарвасыг муу мэтээр ойлгуулах гэсэн мэдээлэл хөвөрч байна” гэсэн юм.

Олон жил Ховдод тарвас тариалж, Улаанбаатар хотод худалдаалдаг Монгол Улсын аварга О.Хангай ийнхүү тайлбар хийжээ. Тэрбээр "Тариаланчид маань тарвасыг хүлэмжид дөрөвдүгээр сард үрсэлгээ хийж тарьсан. Мөн байгаль цаг уур халуун байсан учир тарвасын болц арай эрт болсон байгаа шүү. 30 жил тарвас идлээ сайхан байна" гэжээ.

Өнөөдрийн байдлаар Ховд аймагт тарвасаас үүдсэн хордлогод орж хордсон тохиолдол гараагүй бөгөөд бага хэмжээний гэдэсний гүйлгэлт, хоол хүнс, жимс, хүнсний ногооны хадгалах, хэрэглэх явцын буруу хэрэглээтэй холбоотой мэр сэр хордлого гарсан байхыг үгүйсгэхгүй юм.

Тиймээс аливаа төрлийн хордлогын шинж чанартай тохиолдлуудаа баримтжуулж, мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгч баталгаажуулж байж олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэл тавихгүй бол Ховдчуудын олон зуун жилийн тэртээгээс тариалж ирсэн брэнд бүтээгдэхүүний нэр хүнд, олон зуун тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр шим хэн нэгний санамсаргүй, мэдэмхийрсэн таамаг төдий ойлголтоос болж унахад хүрчээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gala giin goshnogo(66.181.161.102) 2022 оны 08 сарын 14

Hovdiih bish um chin ilrehgui

0  |  0
Soli(66.181.161.26) 2022 оны 08 сарын 14

Zindaa yadruu shar site boljdee redactor atsiig soli

1  |  0
Зочин(202.126.89.2) 2022 оны 08 сарын 13

Би ганц юмыг л ойлгохгүй бнөө, Тэндэхийн иргэд өөрсдөө иддэг, зардаг тарвасын талбай нь тусдаа байдаг гэсэн. Энэ ямар учиртай юм бол?

0  |  0
(103.80.210.183) 2022 оны 08 сарын 13

өмнөх жилд хил хаагаад ховдын тарвас гэнэт тасраа биз дээ. ховд баян -өлгийн хилээр хужаагаас орж ирдэг байх.

0  |  0
Зочин(103.212.118.155) 2022 оны 08 сарын 13

Оросын хилээр орж ирсэн шийгуанууд одоо 142 хонож бна. Жинхэнэ хор болсон шүү.

0  |  0
(103.80.210.183) 2022 оны 08 сарын 13

өмнөх жилд хил хаагаад ховдын тарвас гэнэт тасраа биз дээ. ховд баян -өлгийн хилээр хужаагаас орж ирдэг байх.

0  |  0
Zocnin(108.63.62.219) 2022 оны 08 сарын 13

Howdiin brend mongol shiiguagaa ulam sain tarialaarai Yopondyag manai howdiin shiigua shig ni heden myangan dollariin unetei bnalee Arai manai howdoos awaad une hurgeed bgaa yum bish bgaa Tsewer organic ucnraas tiim ih unetei gene

0  |  0
Top