ДУНДГОВЬ: Улсын мэргэн З.Пэрэнлэймаагийн цолны мялаалга наадам боллоо

2022 оны 08 сарын 16

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Улсын мэргэн Загдхоролын Пэрэнлэймаагийн цолны мялаалга наадам боллоо.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын буриад сурын харваанд Дэлгэрцогт сумын харьяат Загдхоролын Пэрэнлэймаа түрүүлж “Улсын мэргэн” хэмээх хүндтэй цолыг хүртсэн.

З.Пэрэнлэймаа Улсын мэргэн цолны мялаалгыг 2022 оны наймдугаар сарын 15-ны өдөр төрсөн нутаг Дэлгэрцогт суманд зохион байгуулж Монгол орны өнцөг булан бүрээс эрхий мэргэчид хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьсон сайхан наадам боллоо. Ийнхүү Дундговь аймаг Улсын гурван цолтонтой болсон сайхан үйл явдал тохиож байна.

Тус наадмын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар нар оролцож, орон нутгийн зүгээс Улсын мэргэн цол хүртсэн амжилтыг нь талархан үнэлж 10 сая төгрөг, аймгийн 80 жилийн ойн “Хүндэт медаль”-ийг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top