Хүүхдийн тань МӨРӨӨДЛИЙГ хүн “ХУЛГАЙЛАХ ВИЙ”

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

Хүндэт эцэг, эхчүүдэд хүргэх хэдэн үг байна, хүлээн авна уу. Арван сар тээж, ангир уургаа хөхүүлэн өсгөсөн ижий таны үр, аминаасаа ч илүү хайрлаж, амьдралд хөл гишгүүлсэн аав таны хүүхэд мөрөөдлөө “хулгайд алдвал” яах вэ. “Юун хулгай, яасан мөрөөдөл” хэмээн та гайхаж байна уу. Тиймээ, таны хүүхдийн хүсэл мөрөөдөл, гэнэн итгэмтгий зан дээр дөрөөлж, олз ашиг хайгчид олон муу үйлдэл хийдгийг та мэдэх үү. Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, хуурамч амлалт, мөрөөдлийн хулгай гэж та сонсож байсан уу. Магадгүй энэ бүхэн таны амьдралаас хол, хамаагүй сэдэв мэт сонсогдож байж болох. Харамсалтай нь бодит байдал дээр бодсоноос чинь өөр юм шүү. Болгоомж, сэрэмж хэзээд илүүддэггүй болохоор эцэг, эх та бүхэнд үүнийг бичиж сууна. Бидний дэргэд, эргэн тойронд энэ төрлийн гэмт хэрэг байнга үйлдэгдэж байгааг анзаарах цаг болсон. Та боддоо. Сүүлийн арван жилийн хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчоор 400 орчим хүн бүртгэгдээд байна. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд, охид эмэгтэйчүүд байгааг онцлох хэрэгтэй. Тийм болохоор та хүүхэдтэй бол үүнийг заавал уншаарай.

 

ҮР ХҮҮХДҮҮД ТАНЬ ЦАХИМ ОРЧИНД ӨНЖДӨГ БОЛСНЫГ САНААРАЙ

 

Гадаадын кинон дээр л гардаг гэж боддог байсан хүн худалдаалах гэмт хэрэг манай улсад үйлдэгдсээр байгаа үнэнтэй нүүр тулах цаг болжээ.

Баримт түшье. Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг цагдаагийнхан энэ оны хоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө илрүүлсэн байдаг. Гэмт этгээдүүд цахим зарын групп сайтуудад 881*****, 892***** гэх дугааруудаар “Санхүү авна” гэх утгатай зар байршуулж, 17 болон 19 настай хоёр охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж, төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авдаг байсан нь хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого, зарлага, гүйлгээгээр нотлогдсон байдаг. Бүхэл бүтэн хүнийг бараа таваар мэт сэтгэж, ашиг олох хэрэгсэл болгохыг завдсан этгээдүүд их байна.

Яг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон 18 настай Э “Намайг хамгийн сайн ойлгодог бас итгэлийг минь алдахгүй гэж боддог байсан найз маань цахимаар зар түгээдэг ажилд орохыг санал болгосон. Боломжийн ч мөнгө олно гэсэн. Би ч итгээд өөрийнхөө фэйс хаягаар хэлсэн линкүүдийг нь түгээдэг болсон. Хэд хоногийн дараа миний фэйс хаягийн нэвтрэх нууц үгийг авсан. Ажилдаа л ашиглана гэв. Гэтэл фэйс хаягаар маань элдэв төрлийн зар тавьж, улмаар янз бүрийн хүнтэй чаталсан байсан. Миний хамаг мэдээлэл зургийг хүртэл ашиглаж эхэлсэн. Эцэст нь намайг айлган сүрдүүлж, дарамталж, хүчээр хүнтэй уулзуулахыг завдсан. Ийм тохиолдолд орох үнэхээр хэцүү байдаг юм билээ” хэмээв.

Бусдад хууртаж, залилуулах, фэйсбүүк болон хувийн мэдээллээ алдах тохиолдол сүүлийн жилүүдэд ихсэх болсон. Цахим хэрэглээний замбараагүй байдал ч үүний үндэс суурь биз. Бидний үр хүүхэд цахим орчинд өнждөг болсон энэ цаг үед эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдийнхээ интернэт орон зайг хянаж байхгүй бол болзошгүй эрсдэлүүд учрахгүй гэх баталгаа алга.

 

БЭЛГИЙН МӨЛЖЛӨГ БА 84 ОХИНЫ ХЭРЭГ

 

Бэлгийн мөлжлөг бидний үр хүүхдийн дэргэд байна, эцэг эхчүүд минь. Хэдхэн сарын өмнө илэрсэн нэгэн жишээг дурдъя. Монгол Улсын иргэн А нь хуурамч хаяг нээж, бага насны хүүхдүүдийн фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт илгээж, нийт 84 бага болон өсвөр насны охидтой танилцан, харилцаа тогтоож, чаталж эхэлжээ. Ингэх явцдаа тухайн охидыг айлгах, гуйх байдлаар өөрсдөөр нь нүцгэн дүрс бичлэгийг нь хийлгэн, улмаар уулзаж, нүцгэн дүрс бичлэгээр нь барьцаалан айлган сүрдүүлж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг цагдаагийнхан илрүүлсэн байдаг. Бас л аюултай хэрэг. Бидний дэргэд буй жишээ. Ганцхан гаж нөхөр 84 охиныг дөнгөлж байна гээд бод. Үүнээс үзвэл үндэс мөчир болсон үр хүүхдийн тань гэнэн цайлган зан гэмт этгээдүүдийн өгөөш болоход хэзээд бэлэн байх нь. Иймээс л үр хүүхэдтэйгээ энэ сэдвээр сайн ярилцаж, илэн далангүй ойлголцож байх нь томчуудын үүрэг болоод байгаа юм.

ХУУРАМЧ АМЛАЛТ БА ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЗОЛИОС

 

Амьдрал ядруухан, алслагдмал бүсэд амьдардаг 16 настай А-г хотоос  ирсэн холын хамаатан нь төвийн сургуульд оруулж, мэргэжил боловсролтой болгоно. Аав, ээж, дүү нартаа дэм болог хэмээн амалж, Улаанбаатарт авчирчээ. Техник мэргэжлийн сургуульд оруулж, хувцас хунарыг нь ч шинэчилж өгсөн байна. Эхний хэдэн сардаа элдэв асуудал ч гарсангүй гэнэ. А ч хамаатны ахдаа баярлаж, үгнээс нь зөрөхгүй амьдрах болж. Гэтэл хоног хугацаа өнгөрөх тусам “Би чамайг тэжээж, өдий зэрэгт авч явж байна” хэмээн дарамталж, хүссэн болгоноо хийлгэх болжээ. Нөхцөл байдал улам хүндэрч, нэг л мэдэхэд хамаг амьдрал нь айдас хүйдэс, ахын дарамтаас хамаардаг болсон байна. А-гийн амьдралд тохиолдсон асуудал манай улсын, ялангуяа малчдын хүүхдэд цөөнгүй тохиолддог. Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу бүс нутгийн хохирогч нар Улаанбаатар хотод, аймгийн төвүүдэд болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байгаа судалгаа ч бий. Иргэний нийгмийн байгууллагын сүүлийн үед хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх монгол хохирогчдыг хөдөлмөр эрхлэлтийн аюултай сонголт хийхэд хүргэж, хүний наймааны хохирогч болгоход хүргэж, хүн худалдаалдаг гэмт этгээдүүдийн гарт ороход нь нөлөөлж байна гэжээ. Энэхүү эмзэг байдал цар тахлын үед тогтоосон хөл хорионы үед илүү өссөн мэдээлэл байна. Иймээс л эцэг, эхчүүд хэрсүү байж, үр хүүхдээ өөрсдөө өсгөх хэрэгтэй юм.

 

“МӨРӨӨДЛИЙН ХУЛГАЙЧДЫН” ХАВХАНД ХҮҮХДЭЭ БҮҮ ОРУУЛ

 

“Хэлний бэлтгэлд хямд үнээр явуулна”, “Гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зар хаа сайгүй л хөвөрч байдгыг эцэг, эхчүүд анзаарсан л байх. Хэл сурч, боловсролоо дээш­лүүлж, гадаадад гарч, хүсэл мөрөөд­лөө биелүүлэхийг хүссэн хүүхэд багачууд олон ч бий. Тэдний нэг О-д тохиолдсон үйл явдлыг өгүүлье.

О дотоодын нэгэн дээд сургуульд гуравдугаар дамжааны оюутан. Олон улсаар аялах мөрөөдөлтэй, англи хэлийг төгс сурч, дэлхийн топ компанид ажиллах хүсэлтэй түүний хувьд сурагч байхын л гадаадад сурахыг хүсдэг байжээ. Тийм ч болохоор энэ төрлийн сургалт, хөтөлбөрийн зарыг байнга харж, танил эгчээрээ дамжуулан хилийн чинадад хэлний бэлтгэлд сургах нэгэн хөтөлбөрт бүртгүүлсэн байна. Ийм төрлийн сургалтуудыг бодоход үнэ боломжийн, хажуугаар нь ажиллах боломжтой гэсэн байсан нь О-гийн хувьд олзуурхууштай санагдаж. Хүссэн ёсоороо ч хэлний сургалтандаа явж, очсон даруйдаа хэлсэн ёсоор бүх зүйл өрнөж байжээ. Гэтэл гурван сарын сургалт нь дуусаж буцах болоход зуучилж явуулсан танил эгч нь бичиг баримтыг нь буцааж өгөөгүй байна. Бичиг баримтаа буцааж авахыг хүсэхэд “Одоо тэд хоног ажил хийчих. Хэдэн төгрөг нь хаа юм” гэх зэргээр сунжруулах болжээ. Хамгийн гол нь ажлынхаа хөлсийг авч чадахгүй, танил эгчээсээ бөөнд нь авах болзолтой хэдэн сарыг өнгөрөөсөн байна. Эцэст нь цалингаа ч авч чадалгүй, бичиг баримтаа бөөн нэхэл дагал болж аваад салжээ.

О-д тохиолдсон үйл явдал хөдөлмөрийн мөлжлөг гэж хэлж болохоор байгаа юм. Энэ талаар ч иргэний нийгмийн байгууллагаас тандалт судалгаа хийсэн байдаг.

Тухайлбал, хүн худалдаалах гэмт хэргийн төлөв байдлын өнгөрсөн оны судалгаанд “ Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхээр Хятад, Энэтхэг, Казакстан, Норвеги, Швед, Турк болон Арабын Нэгдсэн Эмират улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, Хятад, Герман, Хонконг, Япон, Макао, Малайз, Филлипин, Өмнөд Солонгос, Швед, Турк, АНУ руу болон Монголд дотооддоо худалдаж байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөр зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ” хэмээн тэмдэглэсэн байгаа юм. Иймээс эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадаадад сургахдаа ямар хаяг дээр очих гэж байгаа, сурах болон ажиллах газар нь хэр баталгаатай  вэ гэдгийг судалж, тогтооход онцгой анхаарах шаардлага байна.

Хүний мууг таньж амжаагүй, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж яваа үр хүүхдэд тань эцэг, эхийн анхаарал халамж энэ л насанд нь хамгийн чухал байдаг юм шүү. Учирч болзошгүй эрсдэлийг ухаарч таниасай гэх үүднээс дээрх бүхнийг өгүүллээ. Хүүхдийн тань мөрөөдлийг хэн нэгэн “хулгайлж”, хувь тавилангийнх нь замд хүлээс хийх вий. Хүнээр хүн хийхийн ухаанд суралцаж, хүүхдийнхээ ирээдүйд онцгой анхаараарай, эцэг, эхчүүд минь.

Эх сурвалж: Өглөөний сонин

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top