Б.Жаргалсайхан: Хэрэв өөрсдийнхөө утсаар тоглосон бол одоогийнхоосоо ч илүү амжилт үзүүлэх байсан

2022 оны 08 сарын 19

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа орохуйц нэр хүндтэй, хоёр сая ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголын "Stalwart Esports" баг гутгаар байр эзэллээ. Тэд дэлхийн шилдэг 18 багтай өрсөлдсөн бөгөөд 165 мянган ам.долларын шагнал авсан юм. Багууд гурван өдрийн турш нийт 18 удаагийн нислэгийг хийсэн бөгөөд Тайландын "Vampire Esports" баг түрүүлсэн. Тэмцээний шилдэг тоглогчоор “Stalwart Esports” багийн Action буюу Г.Сүхбат шалгарч 10 мянган ам.долларын шагналыг авсан байна. Тэгвэл PUBGM-ийн “Stalwart Esports” багийн дасгалжуулагч “SENATORSTE” буюу Б.Жаргалсайхантай тэмцээний талаар ярилцлаа.


-Юуны өмнө Монгол Улсаа төлөөлөн PMWI-д амжилттай оролцсонд баяр хүргэе. Үзэгчдийг огшоосон сайхан тоглолт, буудалтуудыг үзүүллээ. PUBGM сонирхогч хүүхэд залууст энэ тэмцээний талаарх товч мэдээллийг өгөөч?

-Энэ бол “PUBG MOBILE WORLD INVITATIONAL” гэх тэмцээн юм. Сонирхогчийн түвшинд ойлгуулбал Зуны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэсэн үг. Үндсэн PUBGM дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 16 баг өрсөлддөг. Харин энэхүү тэмцээнд бүх бүсийн намар болон хаврын 18 аварга багууд хоорондоо өрсөлдсөн. Нийт шагналын сан нь гурван сая ам.доллар юм. Бидний гурван өдөр тоглосон үндсэн тэмцээнд 18 баг өрсөлдсөн. Нийт хоёр сая ам.долларын шагналын сантай. Үүнээс эхний таван байранд шалгарсан багууд гурван өдрийн дараа “showdown” буюу шоунд орно. “Showdown” нь нэг сая ам.долларын шагналын сантай шоу юм.

-Гурван өдрийн турш 18 тоглолтыг хийлээ. Хоёр дахь өдрийн байдлаар хүснэгтийг тэргүүлж явсан. Тэгвэл сүүлийн өдөр өмнөх тоглолтуудаа бодоход бага зэрэг сул өрсөлдлөө. Үүний шалтгааныг багийн дасгалжуулагч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийдөө гурван өдрийн турш хүндхэн тоглолтуудыг хийлээ. PUBGM-ийн гол онцлог нь тойрог багтай ойрхон татвал хол явахгүй байрлалаа сайн эзэлдэг. Манай багийн талд тоглолтын тойрог сайн татаж өгсөнгүй. Үүнээс шалтгаалан хол явж, байраа эзэлж, хохиролтой тулаан их хийсэн. Гэхдээ хамгийн хэцүү зүйл нь тэмцээн зохион байгуулагчийн утсаар тоглосон. Тоглогчид хоёр хоногийн турш өдөрт таван цагийн бэлтгэлийг “SONY XPERIA” утсан дээр хийсэн. Утсандаа дасаагүй учраас тоглоход маш хүндрэлтэй. Хэрэв өөрсдийнхөө дассан утсаар тоглосон бол одоогийнхоосоо илүү амжилт үзүүлэх байсанд итгэлтэй байна.

“SONY XPERIA” утас Монголд орж ирээгүй учраас урьдчилж аваад бэлтгэл хийх ямар ч боломжгүй байсан. Захиалж авбал биднийг тэмцээндээ явсны дараа л утас маань ирэхээр байлаа. Хэрэв 14 хоногийн өмнө шинэ утсандаа дасаад, бэлтгэлээ сайн хангасан бол арай өөр үр дүнг үзүүлэх байсан юм. Бусад багууд сарын өмнө утсан дээрээ бэлтгэлээ хийгээд харьцангуй сайн дассан нь тоглолтоос ажиглагдсан.

-Тамирчдын сэтгэл зүйн бэлтгэл хэр байв?

-Биднийг дэмжих гэж зааланд ирсэн гадаадын хөгжөөн дэмжигчид байгаа. Гэхдээ Монгол хүн ганц ч байхгүй. Саудын Араб улсад болсон учраас тухайн орны фанатуудын уухай, дэмжлэг бусад багуудын сэтгэл зүйд нэлээдгүй дарамт өгсөн. Тэр нь манай тамирчдад гүн нөлөөлөөгүй ч шар хөдөлгөх гэх мэт анхаарал бага зэрэг сарниулсан.

-Тоглолтын дундуур багынхандаа ямар зөвлөгөө өгч байсан бэ?

-Нэг тоглолтоос дараагийн тоглолт хоорондын амрах хугацаанд тамирчидтайгаа уулздаг. Завсарлагааны үеэр тоглолтын анализ, тактикийг тохирно.  Хэрэв манайхыг онилсон баг байвал яах вэ, тоглолтын шийдвэрээ хэрхэн өөрчлөх гэх мэт чухал зөвлөгөөнүүдийг хангалттай сайн хэлдэг.

-Хоёр дахь өдрийн “Sanhok map” дээр Хятадын “RSG” багт “Bootcamp” дээр тулаанаа алдсан. Гэтэл сүүлийн өдөр багийн ахлагч PIKA-ийн  ухаалаг тоглолтын үр дүнд “RSG” багийг буулган авсан. Тэмцээний оргил үе байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Энэхүү тоглолтод ямар тактикийг боловсруулан тоглосон бэ?

-Эхний өдөр “RSG” баг бидэнтэй буугаагүй. Байраа тавьж байгаа юм байна даа гэж бодсон. Гэтэл хоёр дахь өдөр тооцоолоогүй, бэлтгэлгүй байхад гэнэт тэвэрч буусан. Яг буух үедээ харсан хэдий ч бэлтгэл үнэхээр хангалтгүй байсан. Зарим нэг хүмүүс та нар мэргэжлийн тамирчид байнга бэлтгэлтэй байх ёстой гэж хэлдэг. Тактикаа алдах үе байна. Хоёр дахь өдөр тухайн тоглолтын удирдлагаа алдсан нь хамгийн том алдаа байсан. Сүүлийн өдөр өөр сул багуудаа шахаж алаад оноогоо аваад явах тактик боловсруулсан. Аль эсвэл эхний хоёр тоглолтоо сайн хийгээд сэтгэл зүйгээ тогтвортой хадгалж чадсан байвал “RSG” багийг дахин тэвэрч буугаад тулааныг авна гэсэн тактикийг барьж, тоглолоо. Энэ маань ч биеллээ олсон. Тоглолтоо сайн удирдаж, багаараа анхааралтай байсны эцэст буулгаж авсан.

-Сүүлийн тоглолт дээр хүснэгтийг тэргүүлж явсан “Vampiresports” багийг тэвэрч буугаад оноогоор гүйцэх бодол байсан уу?

-Сүүлийн тоглолт эхлэхэд 20 онооны зөрүүтэй байсан. Тэдний буулт их сонин “Erangel map”-ийн зүүн хэсгээр тарж буудаг. Хэрэв тэвэрч буугаад үхчихвэл хүснэгтийн байрлалаа алдах магадлалтай байсан. Тулаанаа амжилттай хийж чадах уу, хүнээ алдвал яах вэ зэрэг асуудлууд тамирчдын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй байлаа. Магадгүй та нар харсан бол оноогоор муу, сайн яваа бүх багууд яасан ч бие биеэ тэвэрдэггүй. Яагаад гэвэл байр бүхэн шагналтай учир байрлалаа сайн аваад тактикийнхаа дагуу тоглох нь эрсдэлийг багасгадаг. Тэвэрч бууна гэдэг бол байрлал болон хүснэгтэд алдах маш том эрсдэл дагуулна.

-Танай баг маш нягт тоглодог. Тоглогчид бие биеэ сайн нөхөж явдаг. Гэтэл сүүлийн тоглолт дээр ACTION, TOP хоёр урагшаа хэт шахсанаас болоод нэгийгээ алдаад цаашдаа тэр тоглолтдоо эрт унасан гэх мэт алдаанууд ажиглагдсан. Тоглогчид оноо сайн авах гэж улайрсан уу, эсвэл хэт сэтгэл хөдлөлтэй байв уу. Яг юу болсон бэ?

-Сүүлийн тоглолт дээр урагшаа байлдах үед араасаа шахуулсан. Бүх тоглолт дээр жижиг алдаанууд байна. Хүссэнээрээ тоглож чадсангүй. Тоглолтын тойрог үнэхээр бидний талд байсангүй. Олон жил PUBGM-ийн тойргийг ажиглахад харагдаагүй зүйлүүд их байсан.

-TOP-ийн тоглолт өмнөх шигээ сайн орсонгүй. Юу нөлөөлсөн бэ?

-Манай тоглолтод утасны асуудал хамгийн их байлаа. Дэлхийн и-спорт сонирхогчид тэр чигээрээ манай багт маш их таамаг дэвшүүлж байсан. Бидний бэлтгэл хангалттай сайн байсан. Өөрсдийнхөө утастай байсан бол хуучных шигээ хүчтэй, зоригтой, тактикийн тоглолтыг дөрвөн тамирчин маань хангалттай үзүүлэх байлаа.

-ACTION тэмцээний үнэ цэнтэй тоглогчийн шагналыг авлаа. Бараг найман сарын турш ажилдагдаагүй тоглолтуудаа гаргасан. Удахгүй аав болох учраас итгэлтэй байсан уу?

-ACTION хагас жилийн турш энэ удаагийнх шиг үзүүлэлттэй тоглоогүй. Хувь тоглогчийн урдаа тавьсан зорилго, хийсэн бэлтгэлүүд түүнийг энэ шагналыг авахад хамгийн их нөлөөлсөн.

-TOP сайн тоглосон үед ACTION тааруухан тоглодог, зарим үед эсрэгээрээ болох ч тохиолдол ажиглагдаж байна. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ. Тоглогчдын формыг хэрхэн хангаж байгаа бол?

-Цаашдаа бэлдэх зүйл их байна. Гэхдээ нэг баг учраас бие биеэ орлох ёстой. Дөрвөн хүний тоглолт жигд орох тохиолдол ямар ч багт бараг байхгүй. Ямар ч тохиолдолд бие биеэ нөхөж тогловол нэг баг болно. Тиймээс сайн ажиллана.

-Танай баг хоёр дахь өдөр RSG-д бариулсны дараа үндсэн тоглолтууд дээрээ сайн оноо аваагүй. Тоглогчид нэг тоглолтод бүтэлгүйтсэн сэтгэл зүйгээсээ гарч чадахгүй байгаа асуудал байсан уу?

-Тийм асуудал байгаагүй. Хүмүүс иймэрхүү байдлаар буруу хараад байна. Тоглолтуудын тойрог бидний талд байгаагүй нөхцөл байдал байсан. Нэг удаагийн бүтэлгүйтэл тоглогчдын сэтгэл санаанд нөлөөлсөн удаа байхгүй гэдгийг итгэлтэй хэлмээр байна.

-Энэ тэмцээнээс цуглуулж буй оноо Дэлхийн аваргад нөлөөлөх үү?

-Нөлөөлөхгүй. Дэлхийн аваргын оноог зөвхөн бүс бүсээсээ олох ёстой байдаг. Хэрэв нөлөөлбөл бусад багуудын тэгш байдал алдагдана.

-Тэмцээний хамгийн гунигтай, аз жаргалтай хоёр зүйлийг хэлээч?

-Гунигтай гэвэл тоглолтын тойрог байлаа. Манай багийн талд татаагүй нь үнэхээр харамсалтай байлаа. Өөрсдийнхөө тоглолтыг хангалттай сайн үзүүлээгүй. Түрүүлсэн баг оноогоо маш сайн авсан. Жаргалтай гэвэл бусад багийнхантайгаа халуун дотно байгаа байдал. Цар тахлаас хойш ийм сайхан  тэмцээнд бараг орсонгүй.

-Тэмцээнд  орсон 18 багаас танайхтай ур чадвараар ойрхон нэг багийг хэлнэ үү?

-Яг нэг гэж хэлэхэд хэцүү байна. Дэлхийн шилдэг багууд учраас бүгд сайн байсан. Гэхдээ түрүүлсэн Vampiresports багийг хэлье.

-Хэзээ Монголдоо ирэх вэ, Ойрын хугацаанд ямар том тэмцээн хүлээж байгаа вэ?

-Эхний таван байрыг эзэлсэн багууд нэг сая ам.долларын шагналтай дараагийн showdown буюу шоунд дараагийн долоо хоногт орно. Нийтдээ 12 баг өрсөлдөх ёстой. Бүс бүсээс үзэгчдийн саналаар  тэргүүлсэн таван баг, тусгай урилгаар сонгогдсон хоёр багуудтай хамт өрсөлдөнө. Тэр тэмцээн ирэх долоо хоногоос эхэлнэ. Тэгэхээр дараагийн долоо хоногоос нутаг буцна даа. Монголд очиход зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа.

-Энэ оны хамгийн том зорилго юу вэ?

-Өөрсдийнхөө чадах бүхнийг хийж дутуугаа нөхнө. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын алдаагаа засна. Дэлхийн аварга болно доо.

-Гуравдугаар байр эзэлснээр хэр хэмжээний шагнал авч байгаа вэ?

-Нийтдээ 165 мянган ам.долларын шагнал авч байгаа. Дараагийн нэг сая долларын шагналын сантай тэмцээндээ амжилттай оролцохыг бодож байна даа.

-Гурван өдрийн турш тасралтгүй хамт байсан үзэгч, дэмжигчтэй хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Дэмжсэн бүх фанатууддаа баярлалаа. Шүүмжилж байгаа хүмүүс ч байна. Шүүмжилсэн ч гэсэн манай тоглолтыг үзээд огшсон бол сайхан байна. Ирэх долоо хоногийн тэмцээндээ хичээх болно оо.

 

Н.ЭРХБАЯР

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jack(202.21.107.109) 2022 оны 08 сарын 26

woooow ldaaa dvvnartaa amjilt husie

0  |  2
Зочин(203.91.115.55) 2022 оны 08 сарын 26

Энэ жишээгээр бид 30 жил огшицгоожээ. Харин одоо бид хэн билээ? Эрх чөлөөнийхөө эзэд. 32 жилийн өмнө чамд мөнгө байгаад ч чи гадаадын ийм тэмцээнд оролцож чадахгүй, тийм эрхгүй байсан. Ай Ти тултлаа хөгжөөгүй ч дэлхий биднээс тасарчихсан байсан шүү дээ. Харин тэгэхэд бид огших боломжийг л мөрөөдсөөр. Өнөөдөр бид юм үзээгүй улс шиг огшмооргүй байна. Монгол хүн тэнд энд хэнээс ч дутахгүй гэдгээ харууллаа гэж сурталдмааргүй байна. Чи зүгээр л өөрөөрөө бахархах эрхтэй бүрэн боломжтой иргэн хүн шүү дээ. Чи монгол биш, хомосапиенс. Ийм итгэлээр дараагийн тулаандаа бэлд. Амжилт!

6  |  0
Зочин(203.91.115.55) 2022 оны 08 сарын 20

Баяр хүргэе. И-спортыг би мэдэхгүй л дээ. Гэхдээ нэг зүйлийг хувиасаа зөвлө мөөр байна. Миний дүү огших гэдэг үгийг тун болгоомжтой хэлж байгаарай. Энэ бол угтаа тун базаахгүй үг юм. 90-ээд оноос Монголчууд огших болсон. Яагаад гэвэл түүнээс өмнө бид бусдын атганд байсан. Үндэстний үзэл, эх түүх гээд бүх юм хориотой. Өөрсдөөрөө бахархах эрхгүй. Гэтэл 92 онд бид эрх чөлөөгөө оллоо. Энд тэндгүй л огшицгоогоод эхэлсэн. Бусад хүмүүс чамайг сул дорой гэж үнэлж, түүгээр ч барахгүй чи өөрөө үүндээ итгэчихсэн явж байтал чи том амжилт гаргажээ. Энэ үед чи огшино. Баярлана, уйлна. Хашгирна.

1  |  0
Top