Их аварга Д.Дагвадорж улсын наадамд түрүүлвэл манай үндэсний бөхийг дэлхий нийт сонирхоно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08


 

Монгол түмэн энэ жилийн олон сайхан тэгш ой давхцсан наадмын бөхийн барилдааныг  тэсэн ядан хүлээж байна. Хүчит 1012 бөхийн тоонд МУ-ын хөдөлмөрийн баатар Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нарын нэр ороод байгаа нь ийнхүү хүсэн хүлээхэд хүргэж байгаа гэхэд хилсдэхгүй биз. Олимпийн аваргын хувьд дасгалжуулагчаасаа зөвшөөрөл аван өнөө жилийн наадамд зодоглож байгаа. Тэрээр энэ жил  АСА циркт болсон бооцоотой барилдаанд дасгалжуулагчаасаа нуун байж барилдсан ч түрүүлж хоёр сая төгрөгийн эзэн болсноор илэрсэн удаатай.  Тэгэхээр энэ наадамд харууштай сайхан байлдааныг үзүүлэх биз  хэмээн хүсэн  хүлээж буй хүмүүс цөөнгүй.  Д.Дагвадоржийн хувьд хэдийгээр Японы сумогийн их аварга ч үндэсний бөхийн хувьд цолгүй залуу бөх . Тэрээр  начин, харцага, заан, гарьд, арслангаар сэтгэл нь ханахгүй аварга болохын төлөө барилдах нь ойлгомжтой.  Өдгөө дөнгөж 30 нас хүрч байгаа их аваргын хувьд цаашид үндэсний бөхөөр барилдах лавтай таван жилийн  боломж байгаа. Түүнийг зүлэг ногоон дэвжээнээ  дэвэн дэвсээр гарч ирэх үеийг хэзээний хүсэн хүлээж байгаа бөх сонирхогчид  түүнийг хэвлэлийн хуудаснаа хэд хэдэн удаа барилдуулаад, унагаад, түрүүлүүлээд , чухам наадмын үеэр ямар төрхтэй байхыг нь зураглаад орхисон байгаа.  Түүнийг өнөө жилийн наадамд зодоглох сургаар жилийн жилд болдог бөхийн таавар  өөрчлөгдсөн нь   жинхэнэ сюрприз болоод байна. Бөх судлаачид Дагвадорж аварга ямар ч цолгүй залуу бөх учраас хэн хэнтэй оноол таарах вэ,  бөхийн цолыг нь яаж дуудах  вэ хэмээн одооноос толгойгоо гашилгаж байгаа сурагтай. Хэрэв Дагвадорж аварга түрүүлж чадахгүй бол үндэсний бөхийн зодог шуудгийг өвгөн болтлоо тайлахгүй шаралхаж мэдэх шартай, цөстэй, уран барилдаантай гэдгийг хотол даяар андахгүй.  Ямартай энэ жилийн наадмаар их аваргаа барилдаасай хэмээн Монголын ард түмэн хүсэн хүлээж байна.  Тэгэх аваас Дагваа аваргыг ид барилдаж байх үед Монголчууд бүх нийтээр сумог сонирхдог байсан шиг Монголчуудаар тогтохгүй дэлхий нийтэд манай үндэсний бөх брэнд болох юм.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top