Сэлбэ голыг сүйтгэвэл БАЙГАЛЬ ЭХ БИДНЭЭС ХАРИУГАА ЗААВАЛ АВНА

2022 оны 08 сарын 26

Биологийн ухааны доктор, хөрс судлаач Ш.Пүрэвсүрэн

СЭЛБЭ ГОЛЫГ СҮЙТГЭВЭЛ БАЙГАЛЬ ЭХ БИДНЭЭС ХАРИУГАА ЗААВАЛ АВНА

Ийм нэртэй нийтлэлийг би гурван жилийн өмнө бичиж байв. Тэр үед өдөрт дунджаар 1000 гаруй автомашин, 4-5 мянган хүн цуглан бужигнаж, голын эхийг ялгадсаар дүүргэж, ой мод, бутыг нь сүйтгэж, энд тэндгүй задгай гал түлж, “зугаацаж” байсан. Бут бургасыг нь хүчит техниктэй танхай залуус дайрч сүйдлэн сэлгүүцэж байлаа.

"Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар юутай” гэдэг билээ. Өчигдөр нөхдийн хамт Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг Санзайн эхээр жаахан алхлаа. Даанч нүд халтирмаар болсон байна. Голын эх энд тэндгүй машин тэрэг, гал хөс, үнс тоос, хог новш хөглөрч юун цэвэр агаар, ил жорлонгийн үнэр танар...ганган машинтай гоёсон гоодсон мөртлөө толгой нь хогондоо хамуурсан баян бадарчдаар дүүрчээ. Хэлэх ч үг олдсонгүй. Монголчууд бид гол усаа бохирдуулахаас цээрлэн сэргийлдэг эртний ёс заншилтай ард түмэн. Сэлбэ голыг замаас нь тэжээдэг байсан Хандгайт, Шарга морьт, Баянбулагийн амны жижиг голууд, Зуун модны болоод Дондогдуламын рашаан бүгд нүд аньсныг бид мэднэ.  

Их хотын хоймор болох Санзайн амнаас Баруун Сэлбийн голын эх авч урсдаг. 30 гаруй мянган га-гаар хэмжигдэх энэ бүс нутагт ургамлын аймгийн 10-аад зүйл мод сөөг, 40 овгийн 200-гаад зүйл ургамалтай. Таньж мэдэхгүйдээ бид туучиж гишгэчээд яваа болохоос үүний ихэнх нь нэн ховордож буй эмийн ургамлууд. Зараа, туулай, хэрэм, үнэг хярснаас өгсүүлээд чоно, гахай, бор гөрөөс, халиун буга хүртэл амьдардаг өвөрмөц газар. Нарс шинэс хуш холилдон ургасан өнөө хүртэл бараг онгон дагшнаараа байгаа баруун Сэлбийн эх 2000 гаруй га энэ газрыг 2012 онд Нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтанд авч, Сүхбаатар  дүүргийн 19 хорооны нутаг Сэлбэ голын эхийг  байгалийн нөөц газарт авах тогтоол гаргаж, хамгаалалтын дэглэмийг сахиулахыг Улаанбаатар хотын Захирагч үүрэг болгож байжээ. Орон нутгийн тусгай хамгаалалтанд авна гэдэг нь товчхон тайлбарлах юм бол хүний үйл ажиллагааг хязгаарлана гэсэн үг л дээ.

Самарчдын хөл тасардаггүй энэ газрыг өнөөдөр ганцхан байгаль хамгаалагч хариуцан “хамгаалж” байгаа нь даанч инээдтэй бөгөөд өрөвдөлтэй харагдана. Нөгөө нүглийн нүдийг цаасаар хуурав гэдэг шиг. Ардчилсан засаглал эхлэсэн 1990-ээд оны үед батлагдсан анхны хуулиудын нэг болох Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 12-т зааснаар “...Ан амьтан үргээх, байгаль орчинд сөрөг нөлөөлөх машин техник ашиглах, хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах хориотой”.

Битүү торлогоор хучигдсан Бага Хэнтийн нурууны өмнөд төгсгөл болох Сэлбийн голын эх энүүхэн хэсэг газар мөнхийн цэвдэгтэйгээрээ онцлогтой. Голыг экологийн талаас нь авч үзвэл хүн машины мөрөөр маш их талхлагдаж, бохирдож, аюулын хэмжээнд тулсан байна.

Бага Хэнтийн нуруунаас эх аван хотын төвөөр дайран өнгөрч Туул голд сэлбэдэг миний мэдэх долоо найман гол бий. Үүнээс 1970-1980-аад оны үед хотын хүүхдүүд умбан нааддаг байсан Сэлбийн пионерийн зуслангийн хажуугаар урсдаг Зүүн Сэлбийн гол нүд аниад хориод жил болж байна. Үүнтэй зэрэгцээд хотын баруун талаас эхлэн тоочих юм бол олон улсын “Найрамдал” зуслангийн хажуугаар мяралзан урсдаг байсан Баян гол ширгэж, нэр нь Улаанбаатар хотын нэгэн дүүргийн нэрэнд л үлджээ. Түүнээс зүүн тийшээ эргэвээс Нарангийн гол, Толгойтын гол, хуучин захын хажуугаар урсдаг байсан ногоон нуурыг тэжээдэг байсан Дэнжийн мянгын гол, Шар хадны зүүн хаяагаар урсдаг Улиастайн гол, бүр цаашилбал Гачууртын голууд хүмүүн бидний мунхаг үйл ажиллагааны улмаас бүгд ширгэж шургаж, үнс тоос, хог ялгадсаар дүүрсэн өмхий сайрууд болсныг бид харж байна.

60-аад оны үед Мөнгөн морьтоос сал урсгаж мод зөөвөрлөж байсан Туул гол маань хүртэл сүүлийн жилүүдэд бидний нүдэн дээр тасалдах болсон. Улаанбаатар хотын ундны усны эх булаг нь Туул голын нийт урт,704 км үүнээс 28 км нь нийслэл хот дундуур урсахдаа 1.5 сая хүний ялгадас, арьс ширний үйлдвэрүүдийн хорт бодисоор ханатлаа бохирдож аваад уруудна, Заамарын уурхайнуудаар дайран өнгөрөхдөө хүнцэл мэтийн химийн бодисуудад бүрмөсөн хордож аваад Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгаль далайд цутгадаг  хувь заяатайгаа эвлэрсэн. Энэ бүх өөрчлөлтийг бүгдийг нь “Дэлхийн дулаарал” гэдэг мангас руу чихвэл алдас болно.

Сэлбэ голын сав газар нийтдээ 30 гаруй мянган газрыг хамардаг. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй Санзай, Хандгайт, Баянбулаг, Шарга морьт, Майхан толгой, Яргайт, Шадивлан зэрэг 10 гаруй зуслан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэдэн мянган айл өрхтэй гэр хороолол бүхий нутгийг дайран өнгөрдөг учраас маш их бохирдолтой. Энэ голын дагуух оршин суугчид бохир хувцас хунараа машин техникээ энэ голд угаана, үнс хогоо асгана. Санаа ер зовохгүй, хүүе хаая гэх хүн, хуцах улих нохой ч энд байхгүй.

Гол ил болоод газрын доорх урсацаар хотын төв рүү орон Дунд гол болж нэрээ өөрчлөн бүр ихээр бохирдож, тасалдаж явсаар чүй чамай Туул голдоо цутгадаг. 2012 онд УСУГ-ын усны төв лабораторид хийсэн шинжилгээгээр “Зуун айл” орчим аммонийн азотоор болон нянгаар маш их бохирдож, Сэлбэ голд гэдэсний халдварт өвчний нян илэрч байлаа. Арван жилийн өмнө ийм хэмжээний бохирдолтой байсан гол одоо ямар болсон нь хэнбугайд ч ойлгомжтой. Намайг БОАЖЯ-нд ажиллаж байсан тэртээ 2012 онд Сэлбийн голын урсацыг тэтгэхээр тэрбум төгрөг хандивласан ч туршилт бас л талаар болсныг сая нүдээрээ харлаа. Гүний худгийн хэдэн жайжгий хоосон пүнзнүүд л үлджээ. Сэлбэ гол нөхөн сэргээгдэж, зундаа амралт зугаалгын төв, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болно гэдэг нь Мянгуужингийн үлгэр болон үлджээ, хөөрхий. Энд уул овоо шиг том хогийн цэг, модон жорлонгууд байсныг бид МҮОНРТ-ийн сурвалжлагчдыг урин аваачиж  үзүүлж байсан. Модон жорлонгуудыг устгаж, орыг нь ой мод л хавч үлджээ. Монголын ард түмэн эрт цагаас урсгал ус руугаа өтгөн шингэнээ гоожуулах нь бүү хэл, сүүнийхээ шанагыг ч голд дүрэхийг цээрлэдэг байсан хүмүүс. Их хааны үед байгаль орчиндоо дайсагнасан хүмүүнийг цаазаар авдаг байсныг ч буурал түүх өгүүлдэг. 

Санал:

1. Улаанбаатар хотын ундны усны хэрэглээ 2030 он гэхэд өнөөгийнхөөс даруй хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Иймээс усны нөөцийн гачигдалд орохгүйн тулд усны эх үүсвэрүүдээ хатуу хамгаалалтанд авах асуудал нэн чухал болоод байна. Гэр бүлээрээ найз нөхдөөрөө оччихоод энд тэндгүй өтгөн шингэнээ цувуулчихаад хогоо хаяад буцдаг сэтгэлгээнээсээ салах цаг нь болжээ.

2. Энэ орчныг харуул хамгаалалтыг ганц байцаагч биш ,экологийн цагдаагийн албанд шилжүүлж өгөөч, Хотын дарга аа. Хэдэн жилийн өмнө БОАЖЯ-ныхны санаачлаад байсан “ногоон уут” төсөл яалаа? Очиж байгаа аялагчдад уут тарааж өгөөд ядаж 20000 төгрөгийн барьцаа аваад аялагчдыг оруулдаг журамтай болъё. Хогтой уутаа хамгаалтынханд тушаачихаад 15000 төгрөгөө буцаагаад аваг. 5000 нь байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулагдах төлбөр болоод үлдэг.

3. Хур бороо элбэгтэй өнөөгийн байдлаас харахад эхний ээлжинд Хандгайт, Баруун Сэлбийн уулзвар дээр ус хуримтлуулах цөөрөм усан сан яаралтай байгуулах шаардлагатай байна. Хандгайт, Сэлбэ, бусад жижиг голуудыг боож, жижиг усангууд сан барих нь шар усны үер болон борооны их ус хуримтлуулж, Сэлбэ голын урсгалыг тогтмол хэмжээнд байлгах, үерээр орж ирэх элс, шороог тунгааж авах онцгой ач холбогдолтой болмоор санагдаад байна.

Өнөөдөр нийслэл хотын маань төв Алтан тэвшний хонхорын "Сүүлчийн Могикан" болсон Баруун Сэлбийнхээ голын амийг санаатайгаар бид ийнхүү тасдаж байна. Монголчууд бид малаа муулахдаа гэдсийг нь яраад голыг нь тасалдаг биз дээ? Тэгвэл эх нутгийнхаа голыг ийнхүү тасдаж бузарлаж байгаа мунхаг биднийг тэнгэр бурхан, их хайрханы эзэн савдгууд өршөөхгүй л болов уу?

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.105.74.145) 2022 оны 08 сарын 26

huurhii yarhaas thaachgui sanaan zovood untaj chadahgui bol ene nuhur uut savh bariad theverleech uruus chin ehleh yum bich uu hunii nudend hargadtal harsan hogoo theverlii getel theverl tegvel uur.g chin hundleh yumsan hudlaa muurj yarhaas thaachgui zunthun uvgun zail ⁉️ *** iim yarhaas thaachgui uvgun udii naslah daa yu hj haruulsan yum ⁉️

0  |  1
Top