Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь Канад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамны Зах зээлд нэвтрэх асуудал эрхэлсэн захирал Мишель Купер-тэй 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Оттава хотод уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол, Канадын Хөдөө аж ахуйн хамтарсан хорооны III хурлаар тохиролцсоны дагуу хоёр тал хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагаанд тавьсан зорилтуудыг бодит үр дүнд хүргэхийн чухлыг онцлов. Талууд дэлхий дахинд хурцаар тавигдаж буй хүнсний аюулгүй байдал, хүнсний хомсдол, цаг уурын мэдрэмжтэй хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй хөдөө аж ахуйг дэмжих, малын эрүүл мэнд, генетик, үр тарианы технологи, хөдөө аж ахуйн салбарын менежмент зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал нэгдэв.
Монголын талаас хөдөө аж ахуй, мал аж ахуйн тоног төхөөрөмжийг Канад Улсаас импортлох, малын бүтээгдэхүүнийг эдийн засгийн үр ашигтай эргэлтэд оруулах, малын эрүүл мэнд, генетикийн чиглэлээр шинжээчдийг газар дээр нь туршлага судлуулах, цаг агаарт тэсвэртэй газар тариаланг хөгжүүлэх, канадын эрс тэс цаг уурт зохицсон үрийг туршиж, дүгнэлт гаргах чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолыг баталсантай холбогдуулан 2026 оныг угтуулан ажиллах боломжтойг тэмдэглэв.
Сэтгэгдэл ( 0 )