УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр шинээр томилогдсон 10 сайдын тангараг өргөх ёслолоор эхлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжийг уншиж танилцуулахдаа “Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод тодорхой дөрвөн зорилтыг дэвшүүлж байсан. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулах зорилтын төлөө ажиллалаа.
Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газрын өөрчлөлтийг хийж байна. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23.1 дэх хэсгийн 2-т заасны дагуу Засгийн газрын гишүүнээр томилж байна" хэмээн 10 сайдынхаа нэрийг танилцуулсан юм.
Энэ удаагийн томилгоог МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анх удаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийж буй томилгоо гэж болно. Учир нь түүний дэвшүүлсэн том зорилгыг бүрэн хэрэгжүүлэх, МАН-ын сүүлийн хоёр сонгуульд дараалан тогтоосон рейтингийг 2024 онд алдахгүй байх багаа ийнхүү бүрдүүлсэн гэсэн үг.
Үлдсэн хугацаанд түүний танхимд уригдсан сайд нар бол:
Г.Занданшатар: Яамны ажилтай танилцах, дасан зохицох тухай ойлголт байхгүй
Тангараг өргөх ёслолын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд хандаж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ "Улсын Их Хуралд сонгогдсоныхоо дараа Монгол Улсаа хөгжүүлэх, салбарын хөгжлийн бодлого, зорилтуудыг тодорхойлох үүрэгтэй Байнгын хороодын даргаар хоёр жил гаруй ажилласан хүмүүс дийлэнх нь байгаа. Тиймээс яамны ажилтай танилцах, үйл ажиллагаатай нь дасан зохицох, дадлага туршлага хуримтлуулах тухай ойлголт байхгүй. Ажилдаа шууд орж, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, иргэд олон нийтийн хүсэн хүлээж байгаа үр дүнд богино хугацаанд хүргэнэ гэдэгт итгэж байна" гэв.
Сайд нарын байр суурийг хүргэе.
Д.Амарбаясгалан: Ийм хүнд үед илүү үр бүтээлтэй ажиллая
-ЗГХЭГ-ын дарга гэдэг хувь хүний сонголт биш, намын болон Засгийн газрын бодлого, Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайдын бодлого байсны үндсэнд томилох учиртай. Томилгоог бид энэ өнцгөөс нь авч үзэх ёстой юм. Энэ удаа Засгийн газарт орж ажиллах болсон шалтгаан бол Ковид-19 цар тахлын ард гарч, дэлхий нийт эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан цаг үед, МАН засгийн эрхийг барьж буй энэ цаг хугацаанд илүү үр бүтээлтэй, хурдтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс саналыг зөвшөөрч энэ ажлыг хүлээж авч ажиллахаар боллоо.
С.Бямбацогт: Дарханы замын нэг урсгалыг яаралтай ашиглалтад оруулна
-Салбарынхаа мэдээллийг авч танилцсан. Хамгийн тулгамдсан асуудал Дарханы зам. Энэ замын бүтээн байгуулалтыг шуурхайлах, ядаж нэг урсгалыг нь ондоо багтаан ашиглалтад оруулахад анхаарна. Улсын төсөв хүнд байгаа, түүнтэй холбоотой боомтын төмөр замын ажлыг яаравчлах, чингэлэг тээврийн зохицуулалтыг хийх гээд олон асуудал хүлээгдэж байна.
Б.Бат-Эрдэнэ: Спортын салбарын уялдаа холбоог хангана
-МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, олимпын хорооны гишүүнээр олон удаа сонгогдож ажилласан. Бие тамир спорт, олимпын хөдөлгөөн, зүтгэлтнүүдтэй олон жил хамтарч ирсэн. Тиймээс олимпын хороо, спортын холбоонууд биеийн тамирынхантай ямар нэгэн асуудал байхгүй. Харин улсын төрийн байгууллагын биеийн тамир улсын хороо өөрөө бие даасан ажиллагаагаа явуулна. Зөвхөн спортын салбарын төдийгүй бусад яамд, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах нь бидний өмнөх маш том зорилт юм.
Б.Чойжилсүрэн: Өвөлжилтийн бэлтгэлийг аргална даа
- Эрчим хүчний салбарын өртөг ковидын өмнөхтэй харьцуулахад дор хаяж 30 хувиар өссөн. Үүнийг үе шаттай шийдэх шаардлагатай. Төвийн эрчим хүчний систем дутагдалд орсон, дулааны хувьд ч, эрчим хүчний хувьд ч. ТЭЦ-3-ын өргөтгөлийг чадвал ондоо багтааж эхлүүлэх, хуучин трубинуудыг солих, Тавантолгой, Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, эх үүсвэрийг олох ажил явна. Өмнө явж ирсэн Амгалан, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажлууд бий. Энэ өвөл хүнд байх тухай яригдаж байна, гэхдээ яаж ийгээд аргална даа.
Н.Учрал: Чадварлаг цомхон баг бүрдүүлнэ
-Тоон гарын үсгийн хууль амжилттай хэрэгжээд явж байна. 300 мянган тоон гарын үсэг иргэдэд тараагдсан, энэ тоог ахиулна. Орон зай, цаг хугацаанаас үл хамаарч, иргэд төрийн үйлчилгээг шуурхай хүлээж авах нөхцлийг бүрдүүлнэ. Манай салбар тус тусдаа нарийн мэргэжил шаарддаг, мөн ажилтнуудын цалингийн итгэлцүүрийг нэг ижил тогтоох боломжгүй. Иймд цомхон чадварлаг баг бүрдүүлж ажиллахад анхаарах ёстой.
Ч.Хүрэлбаатар: Монгол Улс дефольт зарлахгүй
-Өнөөдрийн байдлаар ДНБ нь 44 их наяд байгаа. Үүнийг тэлж байж бид хөгжих ёстой. Дэлхий нийт хямралтай, цар тахал дуусаагүй, ханшийн өсөлт их байна. Иймд мөнгөний бодлогыг чангатгахаас аргагүй. Эдийн засаг, хөгжлийн яамыг бэхжүүлэх, тэргүүлэх институт болгоход чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Манай хөгжлийн бодлого тогтворгүй явдаг. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг савлуулж, ард иргэдийн амьжиргааны орлогыг хэлбэлзүүлдэг. Хүссэн хүсээгүй төсвөө бид балансжуулахаас аргагүй. Хүнд таалагдах гэж яваад байвал улам хэцүүднэ. Монгол Улс дефольт зарлахгүй.
Д.Сарангэрэл: Та бүхнийг гонсойлгох зүйл хийхгүй
- Энэ өдрүүдэд ковидын мөнгө идсэн, хээрийн эмнэлэг зувчуулсан гэх мэт гүтгэлгүүд сошиалаар явлаа. Нэгээхэн ч тийм бусармаг увайгүй үйлдэл хийгээгүй. Хууль бус үйл ажиллагаанд орооцолдож байсангүй. Цаашид ч та бүхнийгээ гонсойлгох зүйл хийхгүй. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлд төрөөс барьж буй бодлогыг хэрэгжүүлж, үр дүнд хүрэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдгээ илэрхийлье.
Ж.Сүхбаатар: Нийслэлийн түгжрэлд цогц шийдэл хэрэгтэй
-Нийслэлийн түгжрэл бол цогц асуудал. Тийм цогц шийдэл хэрэгтэй. Хамгийн багадаа зургаан яам энэ чиглэлд ажилладаг. Миний чиг үүрэгт хотын төвлөрлийг сааруулах гэж орсон. Улаанбаатар хотод байгаа 1.5 сая иргэний түгжрэлийг сааруулахын тулд аймгийн хөгжил, дагуул хотуудын асуудлыг ч би анхаарна.Би өөрөө гардаж ажлыг булааж авч зөрчилдөж сүлэлдэх бус олон дарга нарыг холбож, шийдэл шийдвэрүүдийг ажил хэрэг болгоход анхаарна.
Ж.Ганбаатар: Хөрөнгө оруулалт татахад анхаарна
-Уул уурхайн салбарт тулгамдаж буй өчнөөн асуудал байна. Техник, технологийг шинэчлэх,боловсон хүчнийг бэлдэх, хамгийн гол нь хөрөнгө оруулалтыг татах юм. Энэ чиглэлүүдээр анхаарч ажиллана.
Х.Болорчулуун: Хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болно
- Өмнөх сайдыг би сайн ажилласан, муу ажилласан гэж дүгнэхгүй. Ерөнхий сайд намайг мэргэжлийн хүн гэдэг үүднээс ХХААХҮ-ийн сайдаар томилсон байх. Бид хүнсээ 70, 80 хувь гаднаас авдаг бол дотооддоо үйлдвэрлэж болох бүхнийг гаднаас авалгүй, дотооддоо үйлдвэрлэхийн төлөө ажиллана.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )