Оюуны өмчийг дээдлэгч "Риакшн" продакшны залуус хоёр дахь уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Энэ удаад Красногоров Валентин Самуиловичын сонгодог зохиолыг албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгч түмэндээ хүргэхээр зэхээд байгаа аж.
"Чи надад хайртай" хэмээх энэхүү мюзикл инээдмийн жүжиг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн МҮЭСТО-д өдөр бүр 19:00 цагаас тоглогдох гэнэ.
Мюзикл төрлөөр уран бүтээл туурвих нь тухайн уран бүтээлчээс ихээхэн ур чадвар шаарддаг. Уг жүжигт продакшны залуус болох СТА Э.Тодгэрэл, СТА Х.Цасчихэр нараас гадна Төрийн Соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, СТА С.Батзориг / Ишчүү /, СТА Г.Отгонцэцэг, СТА Б.Одгэрэл, СТА Э.Нямханд, А.Оргил, Э.Төрбат, Б.Цогбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Анужин нар тоглох аж.
Ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, найруулагчаар Д.Дашдаваа, бүжгийн найруулагчаар Ш.Баасан нар ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолыг Б.Цогбаяр , Н.Лигдэн нар бичжээ. Тайзны зураачаар Л.Батбилэг ажиллаж байгаа бөгөөд уг уран бүтээлд нийт 50 гаруй уран бүтээлч оролцож байгаа ажээ.
Тайзнаа авьяас чадвар нь ундарсан 12 уран бүтээлч жүжгийн дүрүүдийг амилуулна. Мюзикл уран бүтээлийг бүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Уг бүтээлд нийт 18 бүжигчин оролцож байгаа бөгөөд уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )