-Хэдэн жил дамнан яригдсан, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй Дарханы зам Д.Ганбат, Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Л.Халтар нарын таван сайдын үйлийг үзэж, С.Бямбацогт гэх зургаа дахь сайдтайгаа нүүр тулаад байна-
Өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн хөгжлийн сайдын суудлаасаа бууж, дэд сайдын суудалд тухалсан Л.Халтар л Дарханы замыг "үйлийн үр" гэж тодотгосон болохоос түүний зовлонг өмнө нь дөрвөн ч сайд туулжээ.
Анх "мэргэжил"-ийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат Улаанбаатараас Дархан-Уул аймаг хүртэлх 204.6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шавыг нь тавьсан байдаг. Ингэхдээ жилийн дараа буюу 2018 онд ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн билээ.
Гэвч тэр ашиглалтад оруулж чадалгүй ажлаа өгсөн. Түүний ажлыг Ж.Бат-Эрдэнэ хүлээн авч, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажилласан. Тэрбээр Дарханы замыг шинэчлэхгүй хааш, хааш нь нэг метр сунгана, дөрвөн эгнээтэй болгоно зэргээр амлалт өгч байлаа.
Тэр өмнөх сайдын адил Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж чадалгүй сайдын албан тушаалаа өнөөгийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Я.Содбаатарт шилжүүлсэн юм. Харамсалтай нь, Я.Содбаатарын үед Дарханы замын ажил ахих нь битгий хэл сайд нь өөрөө ЖДҮ-тэй нэр холбогдож ажлаа өгсөн.
Я.Содбаатарын ажлыг Б.Энх-Амгалан хүлээн авч Дарханы замыг 2019, 2020 онд ашиглалтад оруулна гэж амласан ч түүний амлалт хөрсөнд буусангүй, ажлаа Л.Халтарт хүлээлгэж өгсөн. Гэвч Л.Халтар Дарханы замыг ашиглалтад оруулж чадаагүй гэх нийгмийн шаардлагаар ажлаа өнгөрсөн долоо хоногт С.Бямбацогтод сайдын суудалтайгаа ажлаа хүлээлгэж өгсөн.
Тэрбээр Зам тээврийн хөгжлмйн сайдаар ажиллаж байхдаа "Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна" хэмээн хэлсэн байдаг. Л.Халтар л хэлсэн болохоос Дарханы зам өнгөрсөн хугацаанд таван ч сайдын үйлийг үзэж, толгойны өвчин болжээ.
Харин одоо тэдний туулж бараагүй "үйлийн үр"-ийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт үргэлжлүүлэхээр боллоо.
Өөрөөр хэлбэл, Дарханы зам эдүгээ зургаа дахь сайдынхаа нүүрийг үзэж байна. Шинэхэн сайдын анхны амлалт нь өнөөх Дарханы зам. Тэр эхний ээлжид Дарханы замыг ашиглалтад оруулна гэж амласан.
Тодруулбал, С.Бямбацогт Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдож, тангарагаа өргөсөн өдрөө "Энэ салбарын талаар мэдээлэлтэй байгаа. Олон нийтийн өмнө хамгийн том тулгамдсан асуудал нь Дарханы зам. Тиймээс ядаж Дарханы замын нэг урсгалыг энэ жилдээ багтаан оруулах тал дээр түлхүү ажиллана. Монгол Улсын төсөв хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Автозам, боомтын тулгамдсан асуудлууд их байгаа. Би төрд орохоосоо өмнө бизнес хийж байсан. Тэр дундаа автозамын бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан. Миний хамаарал бүхий компани 2013 оныг хүртэл зам гүүрийн барилга угсралтын ажлыг хийдэг байсан. Сүүлийн арван жилд энэ салбарын ажил хийхээ больсон. Тиймээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн билээ.
Хэрэв тэр Дарханы замын ажлыг урагшлуулах амлалтадаа хүрч чадахгүй аваас Д.Ганбат, Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Л.Халтар нарын араас явж мэднэ. Түүнийг өмнөх таван сайд шиг хувь тавилан угтаж байхыг ч үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл ( 7 )
МАН г ирэх сонгуулиар гаргаад хэрэггүй ээ зам ч тавьж чадахгүй түгжрэл утаанаас ч гарсангүй хөгжсөнгүй
1 namiin yed tor ni ymar hevreg togtvorgui setgelgui dampuugiin tod jishee
Энэ нөхөр чадахгүй эцсийн нь хүртэл явдаг тийм дарга төрөхөө больсон хэдхэн бор төг нь хууртагдана чанаргүй зам болно
Ulaanbaatartai avto zamaar holbogdoogui gantshan aimag uldjee. Ter ni Darhan
Дарханы замаа янзлаач хэзээ дуусахыг би таашгүй
Уг нь Халтар нь дээр байсан юм доо, энэ Бямбацогт бол байдаг л нэг хулгайч, дэд бутцийн салбарт тууний гар хел шургалаагуй газар байхгуй, эрчим хуч бол бур замаа алдсан, зам тээвэр ч нэг их дээрдэх юмгуй л байгаа
за үнэн болтугай ДАРХАН ЗАМыг хэзээ дуусахыг харах л үлдлээ