Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурал өнөөдөр /2022.09.05/ боллоо. Хурлын эхэнд сайд С.Бямбацогт салбарын хүний нөөц, авто зам, төмөр зам, агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах ёстой асуудлын талаар сануулж, харьяа газар, хэлтэс бүр нээлттэй, ил тод, шуурхай, шударга, бүх шатандаа хүнд сурталгүй, иргэдийг дэмжиж ажиллах ёстойг хэлэв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтыг цаашид эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлтийг, харьяа газрууд тулгамдаж буй асуудлаа, тус яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга Д.Энх-Амгалан Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, сайдын тушаал, сайдын албан даалгаврын биелэлтийн талаар танилцуулав.
Сайд С.Бямбацогт шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгавар нэг бүрийг бодитой бүрэн хэрэгжүүлэх ёстойг сануулж дараах үүргийг газар, хэлтсийн удирдлагуудад өглөө.
-Бүтээн байгуулалт, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил эрчимжиж байгаа үед хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарахыг яамны газар хэлтэс, харьяа газрын удирдлагуудад,
-Тяньжин, Замын-Үүд боомтод нэмж чингэлгийн бөөгнөрөл үүсгэхгүй байх, одоо үүсээд буй чингэлгийн бөөгнөрлийг нэг сарын дотор арилгах, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийг Улаанбаатар төмөр зам ХНН-д
-Бүртгэлийн серверийг засаж, иргэд ААН-д ямар ч хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т,
-Автомашины даац хэтрэлтэд тогтмол хяналт тавьж замын эвдрэлээс урьдчилан сэргийлэх, төлбөр хураах цэгүүдийг цахимжуулах, зохистой газарт байршуулахыг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т,
-Үнэлгээ, хяналт хийж байгаа арга барилдаа анхаарч, харьяа газруудын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахыг ХШҮДАГ-т,
-ЕСБХБ-ны төслийн нэгжийг шуурхай байгуулах, хурдны замын баталгаат засвар, арчлалтыг хийлгэхдээ тэмдэг тэмдэглэгээ тавьж, иргэдэд урьдчилан мэдээлэл хүргэхийг АЗБХЗГ-т,
-Дотоодын нислэгийн тийзийн үнийг хямдруулах, гадаад дотоод нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжийг судлан танилцуулахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт тус тус даалгалаа.
Мөн Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зорилтоо хэрхэн бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар тодорхой шийдэл гаргаж, салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх талаар санал дүгнэлтээ өгч, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүргэх талаар салбар бүр анхаарах ёстойг сануулсан юм.
Түүнчлэн сахилга бат, ёс зүйг бүх шатандаа баримталж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, Шинэ сэргэлтийн бодлогод туссан тээвэр ложистикийн бодлого зорилтын хэрэгжилт ямар байгааг ойрын үед салбар бүр тусгайлан танилцуулахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )