Их мастер А.Энхтуул Францын иргэншлээс татгалзаж, легионер тоглогч болно

2022 оны 09 сарын 05

Монгол Улсын 25 дахь аварга, Олон улсын шатрын Их мастер А.Энхтуул Франц улсаас тавьсан саналд дараах хариуг өглөө.


Тэрээр "Манай талд 2 төрлийн санал ирснээс иргэншил болон шатрын холбоогоо солихгүйгээр легионер тоглогч болох ухаалаг сонголтыг хийх шийдвэр гаргалаа. Энэхүү сонголт нь цалин болон санхүүгийн дэмжлэгийн хувьд улсаа сольж, Францын нэрийн өмнөөс тоглох саналаас хамаагүй бага хэдий ч эх орны минь үнэ цэнтэй зүйрлэшгүй ээ. Би бол оюуны спортоос төрөн гарч буй шинэ үеийн төлөөлөл. Иймээс, эх орны маань ирээдүйн хөгжлийн итгэл найдвар болсон залуучууддаа амин хувиа хичээх үзлээс илүү алсын зорилготой байх үнэ цэнийг харуулахыг хүслээ.

Монголоос хэд, хэдэн тамирчид өөр улсын нэрийн өмнөөс тив, дэлхийд өрсөлдөж байсан, байгаа жишээг би харж байна. Тодорхой цаг хугацааны дараа тэд үргэлж эргэн ирдэг. Би ийм сонголт хийхийг хүссэнгүй ээ. Харин легионер тоглогч болсноор том гүрний туршлагаас судалж, бусдадаа нөлөөлөх боломж нээгдэнэ гэдэгт найдаж байна.

Бидний зүрхэнд, ялангуяа Монгол хүний сэтгэлд эх орон, элгэн садан мөнхийн уяатай явдаг гэдэгт би итгэдэг. Тиймдээ ч, одоогийн амжилтад хүрэхэд миний эх орны агаар, салхи, мөнх хөх тэнгэр, тал нутаг гээд нандин бүхэн урам зориг өгсөн. Өнөөдрийн намайг буйдхан ч гэлээ энэ улс минь хурцалсан юм шүү" хэмээлээ.

Тэрээр дээрх шийдвэрээр зөвхөн Францын үндэсний лиг болон Европын цомын аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцох аж.

Харин ирэх аравдугаар сарын 25-с аравнэгдүгээр сарын 04-ний хооронд Энэтхэг улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм байна.

Легионер тоглогчийн хувьд, аравдугаар сарын 1-10 хооронд Франц улсын багтай Европын цомын тэмцээнд 1-р ширээнд, багийн лидер тоглогчоор тоглох болжээ. Ингэснээр, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчидтай дахин өрсөлдөх юм. Сонирхуулахад, тус тэмцээнд дэлхийн No1 шилдэг шатарчин Магнус Карлсен Норвеги улсынхаа өмнөөс мөн оролцох аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.57.93.95) 2022 оны 09 сарын 05

Мундаг

1  |  0
Top