Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж, хүмүүс өвлийн бэлтгэлдээ хэдийн оржээ. Тэр дундаа газар тариалан эрхлэгчид ургацаа хураах, малчид өвс, тэжээлээ базаах гээд ид ажил буцалж байдаг үе. Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрч, өнгөрсөн хавар 24.4 сая төл хүлээн авсан билээ. Энэ нь сүүлийн таван жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт юм. Ийнхүү Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 91 гаруй сая толгой мал бэлчээрлэж байна. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хадлан тэжээлийг сайтар базааж, малын зүй бус хорогдол бага гаргах нь юу юунаас илүү чухал.
О.Амгаланбаатар: Нутгийн 82.9 хувьд нь мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байна
Бэлчээрийн ургац муу, цаг агаарын нөхцөл байдал таатай бус байх төлөвтэй аймгуудад өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд салбар яамнаас эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөжээ. Шадар сайд С.Амарсайхан 21 аймаг, нийслэлийн Засаг дарга болон Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудтай 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахим хуралдаан зохион байгуулсан.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар зарим аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна. Түүнчлэн цаг уурын байгууллагаас боловсруулсан урьдчилсан мэдээгээр ес, аравдугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтрэлт эрт ажиглагдах магадлалтайг анхааруулсан. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажилд орон нутгийн удирдлагууд эртнээс анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна” гэсэн юм.
Тус хурлаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү гангийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн дүнг танилцуулсан юм. Тэрээр Ховд аймаг маш их, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор Завхан аймаг их, Увс, Говь-Алтай, Архангай аймгууд дунд эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Зуншлага тааруу байгаа Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өвөлжилтийн бэлтгэл ажил болон бэлчээрийн даац хэтэрсэн талаар мэдээллээ.
Тэрбээр “Зуншлагын байдал 2022 оны наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 18.4 хувьд хэвийн сайн, 55.3 хувьд дунд зэрэг, 26.3 хувьд муу үнэлгээтэй гарсан. Нутгийн 17.1 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 82.9 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатай болсон.
Энэ жил зуншлага оройтсон зарим нутгаар болон малын тоо ихтэй сумдын нутгаар даац хэтэрч гарсан. Иймд бэлчээрийн даац хэтэрсэн сумдын нутагт өвөл, хаврын өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч, өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.
Боодол өвс 7500-10000 төгрөгийн хооронд байна
Энэ жил улсын хэмжээнд 70.2 мянган га-д малын тэжээл тариалсан. Энэ нь өмнөх жилээс даруй 30 мянган га талбайгаар багассан үзүүлэлт юм. Бэлчээрийн даац хэтэрснээр өвс тэжээлийн хүрэлцээ муудаж, мал тарга авахгүй байх, усан тарга суух, давжаарах, цаашлаад өвлийг өнтэй давахад бэрхшээл тулгарч байна. Тэгвэл үүнд салбар яамнаас анхаарч, улаанбуудай тариалж байгаа хүмүүст өгдөг урамшуулал шиг малын тэжээл тарьж буй хүмүүсийг мөн шатахууны хөнгөлөлтөд хамруулж, үрээр хамруулдаг ажээ.
Овьёос, хивэг 25 килограммын шуудайтай нь 13-17 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин нэг боодол өвс хол, ойроос хамаарч 7500-10000 төгрөгийн хооронд байв.
Энэ үнэ цаашид нэмэгдэх хандлагатай байгаа талаар өвс худалдаалж буй Г.Чойжамц хэлж байлаа. Тэрбээр “Жил жилийн өнгө, газрын гарц, бензин шатахууны үнэ гээд нөлөөлөх хүчин зүйл их байна. Ашиг олох гэж хэргээр нэмдэггүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ариун цэврийн цаас хүртэл нэмэгдсэн. Иймд хадланд ажиллаж буй ажилчдынхаа цалинг хүртэл нэмэх шаардлага гарч байна. Малчид ч бас мах, цагаан идээний үнээ нэмсэн л байна шүү дээ” гэв.
Ногоон тэжээлийн үнэ нэг боодол нь 8000-12000 төгрөгийн ханштай байна. Мөн өнжмөл ногоон тэжээл 5000 төгрөг, өвс 1000-2000 төгрөгийн хооронд байгаа аж.
Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 37.8 мянган тонныг бэлтгэнэ гэв
Мал аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтад малчдын түвшинд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн төлөвлөгөөг орон нутаг өөрийн аймгийн малын тоотой уялдуулан гаргаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд ирүүлжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн хэмжээг Засгийн газрын 277 дугаар тогтоолын хавсралтаар баталсан байна. Энэ хүрээнд малчдын түвшинд өвс 1.2 сая тонн, сүрэл 1.8 мянган тонн, ногоон тэжээл 18.6 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 73.1 мянган тонн, гар тэжээл 82.6 мянган тонн, дарш 1.1 мянган тонн, давс, хужир шүү 99.4 мянган тонн бэлтгэхээр төлөвлөсөн байна.
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбатаас өвөлжилтийн бэлтгэл ажил ямар явцтай байгаа талаар тодрууллаа. Тэрбээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 25.3 мянган тонн, тэжээл 12.5 мянган тонн бэлтгэх үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар зарим нутгаар бороо хур элбэг байгаатай холбогдуулан хадлан бэлтгэлийн ажил удаашралтай байна.
Энэ жил улсын хэмжээнд хадланд Дугуйт трактор 4566, үүнээс бага оврын трактор 3067, ангилан хадагч 2033, морин хадуур 747, гар хадуур 30107, тармуур 3113, хаман боогч 520, нуруулдагч 30, тракторын чиргүүл 1637 ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар малчдын түвшинд өвс 113.3 мянган тонн, ногоон тэжээл 0.2 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 0,03 мянган тонн, гар тэжээл 0.8 мянган тонн, дарш 0.07 мянган тонн, хужир, шүү 2.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн нь долоон хувьтай байна. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 2.6 мянган тонн, тэжээл 0.6 мянган тонныг бэлтгэн нь хувь 7.5 хувьтай байна” гэлээ.
Ямартай ч өвс, тэжээлийн үнэ өмнөх жилүүдийнхээс өндөр байна. Нийгэм, эдийн засгийн байдал тааруу, иргэдийн гар дээрх мөнгөний хомсдол аажмаар бий болж байгааг ч мэргэжилтнүүд дуулгасан. Хамгийн гол нь намрын эхэн сард ийм өндөр үнэд хүрч байгаа өвс, тэжээлийг цагийн хатууд худалдан авна гэдэг амаргүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )