Тэсэж үлдсэн таван сайд баяртай !!!

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, улмаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулснаар “түгжрэл”-д байсан ажил гараанаас гарсан гэж ойлгогдоно. Засгийн газрын томилгооны хувьд олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй нь үнэн. Яах аргагүй, “Шинэ сэтгэлтийн бодлого” хэмээх асар өндөр мөнгөн дүнтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар юу юунаас хүчирхэг байх ёстой. Тиймээс сайдууд дээлээ давхарлаж, парламентад хүчтэй байж гэмээнэ энэхүү бодлогоо хэрэгжүүлэх нь орчин цагийн улс төрийн энгийн нэг ойлголт юм. Харин Засгийн газраа хүчирхэг байлгаж, сайдуудынхаа дээлийг давхарласан ч Засгийн газарт “дан дээл”-тэй сайдууд үлдсэн нь олны анхаарлыг давхар татаж байна.

Ийнхүү бодлогын дагуу Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа, Эрчим хүчний сайд Э.Тавинбэх нарыг чөлөөлж, УИХ-ын гишүүдийг сайдаар томиллоо. “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн захирал, Дэд сайдаас эхлээд хуучин сайдууд бүгдээрээ тохирох албанд томилогдсон гэдгийг дурдах хэрэгтэй.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тав тунаж, тэсэж үлдсэн нь цаанаа томоохон татаастай гэх. Энэ ч яахав. Хэдийгээр том татаас байсан ч Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогыг парламент дээр авч гарахад энэ таван “дан тэрлэг”-тний хэрэг огт байхгүй. Тиймээс нэг өдөр халаагаа өгч таарна. Эх сурвалжийн хэлж байгаагаар ойрын үед тус таван салбарын сайдын дээлийг давхарлаж томилох аж. Ажлаа хэрхэн хийх вэ гэхээсээ илүүтэй сайдынхаа тамгыг хэрхэн яаж гардаж авахаа бодож байгаа дараагийн сайд нарын нэрс ч байна лээ. 

Өмнөх танхимаас Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар, С.Амарсайхан Шадар сайдаар, Б.Жавхлан Сангийн сайдаар, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, Л.Энх-Амгалан Боловсрол шинжлэх ухааны сайдаар гээд таван “Давхар дээлтэн” үлдсэн. Мөнхүү Монгол Улсын сайд, Хотын түгжрэл хариуцсан үндсэний хорооны дарга, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлт хариуцсан үндэсний хорооны дарга гэх гурван сайдын албан тушаал шинээр гаргаж, гурван “давхар дээл”-тнийг нэмэхээр найм болно. Д.Амарбаясгаланг хасаад шинээр томилогдсон таван сайд гэхээр 13 “давхар дээлтэн” болно.

Парламентын түвшинд 13 “давхар дээл”-тэй сайд асуудлаа шийдэж болох ч зарим талдаа хэтэрхий жулдана. Тэгэхээр эх сурвалжийн хэлж байгаагаар тэсэж үлдсэн таван “дан дээл”-тнийг давхарлаж байж сая Засгийн газар парламентын түвшинд хүчтэй байна гэсэн үг. Мэдээжийн хэрэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн дээлийг давхарлах боломжгүй бөгөөд өөрчлөх учиргүй. Тунаж, тэсэж үлдсэн таван сайдыг энэ удаад л үлдээсэн болохоос бус нэг нэгээр нь сугална гэсэн эх сурвалжийн мэдээлэл туйлын үнэн болно. “Дан дээл”-тэй таван сайдын дээлийг давхарлахаар парламентын түвшинд 18 “давхар дээл”-тэй нөхөр сууна гэхээр аливаа асуудал шийдлээ олно гэсэн үг. Сайдуудын түвшинд нэг нэг хөтөлгөөтэй ороод ирэхэд ямар ч асуудлыг нугална, цаана нь гарна гэсэн үг. “Дан дээл”-тэй нөхдийг шуудхан явуулж болохгүй том хүчин зүйл бий. Эрүүл мэндийн салбараас эхлээд гадаад харилцаа, соёл, батлан хамгаалах, байгаль орчин, аялал жуулчлал гээд бүгд л өдөр тутам алдаа гаргаж байдаг. Ажил явж байгаа газарт алдаа байна. Тэгээд ч асар өргөн хүрээтэй салбарт хаа ч, ямар ч алдаа гарна. “Эзэн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг дээ. Алдааг юунаас ч болов олоод буруутгачихна.

Эх сурвалжийн хэлснээр бол тэднийг шуудхан явуулж болохгүй хүчин зүйлийг юугаар нугалах вэ гэхээр тэдний гаргасан алдаан дээр нугалах бодлого барьж байгааг ч хэлнэ лээ. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд алдаа гарлаа гэхэд сайдад нь хариуцлага тооцох, Эрүүл мэндийн яаманд алдаа гарлаа гэхэд сайдтай хариуцлага тооцох замаар нэг нэгээр нь явуулж, сайдынхаа дээлийг давхарлах бодлого барьж байгааг дуулгасан. Дээр нь шоудах дуртай манай ихэс дээдэс “Соёлын сайд ийм алдаа гаргасан учраас хариуцлага тооцлоо”, “Эрүүл мэндийн сайд алдаа гаргасан учраас хариуцлага тооцож байна” гээд сүржин мэдэгдэл хийгээд явуулах төлөвлөгөө нэгэнт зурагдсан. Өөрөөр хэлбэл Засгийн газар төлөвлөгөөний дагуу давхар шоудаад л өнгөрнө.

Олон нийтийн хувьд ч Засгийн газар алдаа гаргасан сайд нартаа хариуцлага тооцож чадаж байна гээд алга таших хүртэл “ганган” төлөвлөгөө зурагдчихсан. Үүгээр ч зогсохгүй тус төлөвлөгөө хэрэгжээд эхэлчихсэн, хар данс бүрдүүлэгчийг ч томилчихсон бололтой. Нөгөө талаас тамга зүүдэлж байгаа нөхөд ч хяналт тавих биз. Яаж ч бодсон ингэж л байж Засгийн газар парламентын түвшинд хүчирхэг болно, асуудлаа оруулж шийдүүлж чадна. Түүнээс бус “дан дээл”-тэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Засгийн газар яах юм. Бурхан байлаа гээд дан дээлтэй Эрүүл мэндийн сайдаар яах юм.

Анхнаасаа Үндсэн хуулиа хөндөх хүртэл явж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсны цаана ерөөсөө ийм л төлөвлөгөө байгаа. Улмаар бодлого хэрэгжүүлэх, хүссэн зүйлээ парламентаар шийдүүлэх ийм л санаа нь Үндсэн хуульд гар хүрэхэд хүргэсэн хэрэг. Түүнээс бус энд тогтолцооны гажуудал, төрийг зөв байлгах энэ тэр бол зүгээр лоозон төдий юм. Үүнийгээ Засгийн газар хэрэгжүүлж таарна. Гол зорилгодоо хүрч таарна. Тэгэхээр “дан дээл”-тэй таван сайдын нас бол маш богино. Ямар сайндаа л хүчирхэг байхын тулд гурван сайдын албан тушаал шинээр гаргаж ирж хэл аманд орж байхав дээ. Түүнээс бус Спорт, биеийн тамир хариуцсан сайдын ямар ч хэрэг байхгүй. Хотын дарга, орлогч нар байхад Хотын түгжрэл хариуцсан сайдаар яах юм. Хүчирхэг байхын тулд л арга ядаж яваа хэрэг шүү дээ. Ингэхээр тэсэж үлдсэн “дан дээл”-тай таван сайдыг баяртай гэх л үлдэж.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.188.15) 2022 оны 09 сарын 10

Номин ч гэх шиг эцэг нь улсаас авсан зээлээ төлөхгүй байж сайд болгоход нь

2  |  0
21(64.119.23.97) 2022 оны 09 сарын 09

Хүрэлсүх иймэрхүү байдлаар оролдуулаад Данхан толгойтод гөлөг болдог бас сонин

1  |  0
Top