Ч.Энхбаяр: “Туульс” үзэсгэлэнгээрээ газар ч бай, тэнгэр ч бай шүүлт байдаг гэдгийг харуулахыг зорьсон

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Уран бүтээлч хүн бүтээлээрээ дамжуулж ямар нэгэн зүйлийг өгүүлэхийг хичээдэг. Тэдний бодол санаа, дотоод ертөнцийн дүр зураглал ямар гайхалтай юм бэ гэдгийг Ч.Энхбаярын урлангийн танхимаар зочилж мэдрэв. Тэрбээр есдүгээр сарын 16-нд  Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэсгэлэнгээ дэлгэхэд бэлэн болжээ. Түүний үзэсгэлэнд дэлгэх бүтээлүүд ямар утга санааг илэрхийлэхийг зорьж буй болон онцлогийн талаар ярилцсан юм.


-Монголдоо анхны үзэсгэлэнгээ дэл­гэх өдрийг хэр догдлон хүлээж байна вэ?

-Өвөр Монголд сийлбэр уран баримал хослуулан хоёр удаа үзэсгэлэн гаргаж байсан. Уг үзэсгэлэн маань хүмүүст их хүрсэн, таалагдсан. Эндээс л өөрийн бүтээлийнхээ төрөл жанрыг тодорхойлсон гэхэд болно. Ийнхүү гурав дахь удаагийн үзэсгэлэнгээ Монгол Улсдаа дэлгэх гэж буйдаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд маш их хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөснийхөө ард гарч чадлаа. Үзэсгэлэнгээ дэлгэх өдрийг бодож, догдолж, тэсэн ядан хүлээж байна. Миний үзэсгэлэнгийн бүтээлүүдийг илүү тодотгож, өгүүлэмжийг илэрхийлэхэд чимэг болох зүйл гэвэл үзэсгэлэнд эгшиглэх ая юм. Энэхүү аяыг “Улаанбаатарын үдэш” дууны аяыг зохиосон Г.Пүрэвдорж ах маань үзэсгэлэнд минь зориулж туульс, сансар огторгуйтай холбож зохиож өгсөн.

-Бүтээлийнхээ төрлийг тодор­хойл­сон гэлээ. Та бүтээлийнхээ төрөл болон онцлогийн талаар ярина уу?

-Би ихэвчлэн үлгэр домгийн баатруудын баримлыг хийдэг. Үзэсгэлэнгээ “Туульс” нэртэйгээр дэлгэнэ. Бүтээлүүдийн маань онцлог нь тухайн үлгэр домгийн баатруудад хэтрүүлэг ашиглаж, өгүүлэх өгүүлэмж нь хөдөлгөөнөөр илэрч буйгаараа онцлог. Бодит туульсын баатраас санаа авах болон өөрийнхөө санаанаас урган гарсан баатрыг хэтрүүлэг ашиглан хийж байна.

Жишээлбэл, Монгол бөхийг XIII зуунаас өмнөх үед ямар байсныг бүтээлээрээ харуулахыг хичээдэг. Үзэсгэлэнд маань бидний амьдарч буй үеийг төлөөлсөн утга санаа ч бий, тэнгэр дээрх ертөнцөд болж буй үзэгдлүүд ч илэрхийлэгдэнэ.

 

 

Мөн газар дээр ч бай, доор ч бай тамыг өгүүлж буй бүтээлүүд бий. Туульсын Халуун шар хэмээх өвгөнөөр төлөөлүүлж гар дээр нь дусал ус тогтож байгаа мэт дүрслэлээр эрт дээр үеэс бидэнд ус ямар үнэ цэнээр ирсэн билээ дээ, усаа хайрла гэсэн утга санааг илэрхийлэхийг зорьсон. Иймд үзэсгэлэнг минь үзсэн хүн ямар нэгэн зүйл ухаараад гараасай гэсэн зорилгоор бүтээлүүдээ урладаг.

Бид буруу зүйл хийлээ гэхэд сайн төрлийг олж чадахгүй шүүлтэд ордог. Шүүлтийг хийдэг бурхныг шашнаар нь бус туульсын хүчтэй, зоригтой хаанаар дүрсэлж бүтээл хийсэн. Бүтээлүүдээрээ буруу зүйл хийвэл бид ямар хатуу шүүлтэд орох тухай харуулахыг зорьсон. Энэ бүх бүтээлээ хийхийн тулд туульсыг судалж, олон ч хүмүүстэй уулзсан. Тиймээс үзэсгэлэнг минь зорьж ирээд хүний орчлонгийн уйтгар гуниг, зовлон жаргалыг мэдрээд гараасай л гэж хүсэж байна. "Мянга сонсохоор, нэг үз" гэдэг. Хэдий уран бүтээлч хүн дотогшоогоо байдаг ч бүтээлээрээ маш том утга санааг агуулж хүргэхийг зорьдог юм шүү.

-Үзэсгэлэн нь хэдэн өдөр үргэлжлэх вэ?

-Үзэсгэлэнгээ есдүгээр сарын 16-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэж, долоо хоногийн турш үзэгчдэд хүрнэ.Туульсын баатруудыг дүрсэлсэн 24-25 бүтээл дэлгэхээр болсон. Хамгийн том хэмжээтэй нь гурван метр гаруй өндөртэй баримал юм. Ихэнх баримлаа суурьтайгаар шийдсэн.

-Эдгээр бүтээлүүдээ хийхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Нэг жилийн хугацаанд бүхий л цагаа бүтээлээ хийхэд зарцуулсан гэхэд болно.

 

 

-Баримал хийхэд материал нь их чухал байдаг байх?

-Баримлыг мод, арьс, төмөр, чулуу гэх мэт бүх зүйлээр хийж болдог. Миний хувьд ихэвчлэн модоор хийдэг. Учир нь мод гэдэг нь амьтай материал юм. Модоор хийсэн баримлыг хуурай, сэрүүн, чийг багатай газар хадгална. Мөн хорхой шавжнаас хамгаалах хэрэгтэй.

-Уран барималтай хэрхэн холбогдож байсан бэ?

-Би багаасаа зураг зурах сонирхолтой байсан. Өвөө минь мужаан хүн байсан болохоор багаасаа модтой ойрхон өссөн. Мөн ах дүүс маань модоор тавилга хийдэг учир багаасаа л тэнд ажилладаг байлаа. Намайг тавдугаар ангид байхад Хүүхдийн урлан бүтээх төвд н.Пагма гэдэг эгч  маань бүртгүүлж өгснөөр сийлбэрийн анхны гараагаа эхлүүлсэн юм.

-Бүтээл хийхэд орчин хэр чухал вэ?

-Тэр орчноо өөрийн болгож чадвал ямар ч орчинд хүн ажлаа явуулж болно.

-Бүтээлүүдээ хийгээд сууж байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Үзэсгэлэнгээ гаргахын тулд өөрөөс гарах бүхий л хүчин чармайлтаа шавхсан. Маш их төлөвлөсөн, урт хугацаанд бодсон. Нэг зүйлийнхээ төлөө зүтгэхэд болохгүй зүйл гэж үгүй. Жилийн хугацаанд гурван метр өндөртэй болон бусад 20 гаруй баатруудыг хийхэд хүмүүст бага зүйл шиг санагдаж магадгүй. Гэхдээ эдгээрийг ганцхан жилийн хугацаанд хийж дуусгахад ар гэрийн ажил бүгд хаягдсан. Тиймээс энэ бүгд зөвхөн миний хөдөлмөрөөр ч бүтээгүй. Үүний ард гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүс минь тусалж, дэмжиж бүтээл хийх боломжийг минь бүрдүүлж өгснөөр үзэсгэлэнгээ дэлгэхэд бэлэн болоод тайван сууж байна.

 

 

-Бүтээл хийж байх үед олон бэрхшээл тулгардаг байх?

-Бүх бүтээлийг урлаж байх хугацаанд өөр өөрийн гэсэн түүх бүтэж байдаг. Хэцүү гэж бодож байсан бүтээл хурдан хугацаанд бүтэж байхад хялбар юм шиг санагдаж байсан бүтээл бүтэлгүйтэх тохиолдол олон бий. Бүтэлгүйтнэ гэдэг нь бүтээлд ашиглагдах материалаа 100-н айл, төмрийн цэг болон хаанаас ч хайгаад олж чадахгүй арга мухардсан байдлыг хэлнэ. Ийнхүү мухардалд орсон үед найз нөхөд олж өгөх, гадуур явж байхад санамсаргүй замд таарах гэх мэт гэнэтийн байдлаар олдох явдлууд олон бий.

Би хэрэг болох материалаа дотроо төсөөлөөд, бодоод байгаа хэр нь тэрийгээ олохгүй их уддаг. Аливаа юмны эгзэг нь таарах үе гэж байна. Ингэж бүтсэн олон ч бүтээл байдаг. Гурван метр өндөртэй хоёр бүтээлдээ сийлбэр хийж байгаад цахилгаан багажаар гараа бэртээж гэртээ хоёр хоног өнжсөн юм. Бүтээлээ хийж дуусгасны ард санаа амардаг болохоор нэг гараараа ч хамаагүй хийж байсан үе байдаг.

-Цаашдаа уран бүтээлдээ шинэчлэл хийх бодол бий юу?

-Хүн зөв гэж бодсон, өөрийн гарт орсон зүйлээ хэр баргийн өөрчилж чадахгүй байх. Үүнийгээ илүү сайжруулан, орчин үеийн урлаг руу хөл тавина хэмээн бодож байна. Үзэсгэлэнгээ дэлгэчхээд цаашдаа хийе гэсэн ажлууд мэдээж олон байгаа. Эхнэр минь мөн бүтээл хийдэг. Эхнэрийнхээ бүтээлд тусална. Мөн дэлхийн мөсөн болон модон сийлбэрийн фестиваль, тэмцээнүүдэд оролцоно.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.190.93) 2023 оны 08 сарын 20

Мундаг сэтгэлгээтэй залуу байнаа Баярлалаа \n

0  |  0
Top