Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олимпийн эрхийн төлөө өрсөлдсөн Монголын тамирчин Ж.Гантөгс зорилгоо биелүүлж, олимпийн эрхээ авлаа.
Италийн Турин хотноо болж буй дэлхийн аваргад дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн тэрбээр дөнгөж саяхан шөвгийн 16-д Канадын тамирчин Жейсон Льонтой өрсөлдөж, 6:0 харьцаатай ялагдсан юм. Шөвгийн наймд шалгарсан тамирчдад Лондон-2012 зуны олимпийн наадмын эрх олгох болзолтой ч өмнө нь бичигдсэн тамирчид багийн харваанаас хэдийнэ олимпийн эрхээ халаасалсан учир манай тамирчин ирэх жил Лондонг зорих Монголын тамирчдын бүрэлдэхүүнд багтах болж байна. Эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Италийг зорьсон Монголын байтынхаас цор ганц найдвар болоод байсан Ж.Гантөгс өчигдөр эхэлсэн resurve төрлийн хувийн харваанд Ирланд болон Польшийн харваачдыг ялснаар шилдэг 32-т шалгараад байсан юм. Тэгвэл өчигдөр тэрбээр гуравдугаар шатанд Японы тамирчин Хидеки Кикүчиг 7:3 харьцаатай хожсоноор наймны нэг шигшээд шалгарч, улмаар Канадын тамирчинд ялагдал хүлээсэн. Гэхдээ шөвгийн 16-д шалгарсан амжилт нь түүнд олимпийн эрх авчрахад хангалттай байлаа. Ийнхүү Ж.Гантөгс Лондонд болох олимпийн наадамд оролцох эрхтэй болсон Монголын дөрөв дэх тамирчин боллоо. Монголын тамирчдаас хөнгөн атлетикийн төрөлд /марафон/ Б.Сэр-Од, Л.Отгонбаяр, буудлагын төрөлд олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа нар Лондонг зорих эрхтэй болоод байгаа билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )