Хятадын усан цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголдож энэ өвөл цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд илүү их нүүрс түлэхээр байгаатай холбоотойгоор нүүрсний үнэ өсжээ. Европ болон АНУ-ын эрчим хүч үйлдвэрлэгчид байгалийн хийн үнийн өсөлттэй холбоотойгоор хатуу түлш рүү буцах болсон тул Хятадын нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа нь дэлхий даяар хомсдол үүсгэх аюул заналхийлж байна.
Жилийн эхний зургаан сарын хугацаанд БНХАУ усан цахилгаан станцад голчлон төвлөрсөн. Хятадын өмнөд хэсэгт 2016 оноос хойших хамгийн их хур тунадас орсон. Нэгдүгээр сарын 1-ээс зургаадугаар сарын 30-ны хооронд Сычуань, Юньнань мужийн хилийн асар том Шяньжяба усан далангийн хаалтанд орсон нийт хур тунадасны хэмжээ 688 миллиметрт хүрсэн байна. Хур тунадас 2014-2021 оны хооронд бүртгэгдсэн улирлын дундаж 460 миллиметрээс бараг 50 хувиар илүү байна.
Үүний үр дүнд Хятад улс оны эхний долоон сард 729 тэрбум киловатт/цаг (кВт/цаг) усан цахилгаан үйлдвэрлэж, 2019 онд 651 тэрбум кВт/цаг үйлдвэрлэж байсан оргил үеийг хялбархан давсан. Усан цахилгаан станцын үйлдвэрлэл (+104 тэрбум кВт.цаг) их хэмжээгээр нэмэгдсэн нь цахилгаан эрчим хүчний нийт хэрэгцээг бараг хангасан.
Мөн БНХАУ-ын салхи (+61 тэрбум кВт.ц) болон нарны (+28 тэрбум кВт.ц) эрчим хүчнээс эрчим хүч, цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл (+3 тэрбум кВт.цаг) бага зэрэг нэмэгдсэн байна. Бусад эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч ихсэх тусам дулааны цахилгаан станцууд, тэр дундаа нүүрсний үйлдвэрлэл (-68 тэрбум кВт.цаг) буурсан үзүүлэлттэй байв.
Нүүрсний сэргэлт
Харин сүүлийн хоёр сард БНХАУ-д хур тунадас бага орсны улмаас бүх үйл явц эсрэгээрээ эргэж, энэ оны сүүлээр дахин нүүрсний хомсдолд орох аюул нүүрлээд байна. Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр Хятадын өмнөд хэсэгт хамгийн чийглэг үе байх ёстой байсан боловч энэ үед хур тунадас бага орсон байна.
2014-2021 онд дунджаар 464 миллиметр хур тунадас орж байсан бол долоодугаар сарын эхнээс Ибинь хотод 135 миллиметр хур тунадас орсон байна. Ингэснээр усан цахилгааны үйлдвэрлэл огцом буурч, 2023 он хүртэл уналттай хэвээр байх магадлалтай байна. Харин нүүрсний хэрэглээ нэмэгдсэнээр дутагдлыг нөхөхөөр байгаа юм.
Худалдаачид нүүрсний дарамт шахалт, хомсдолд орж болзошгүйг тооцоолж эхэлснээр дотоодын нүүрсний үнэ огцом өсөж байна. Жэнжөүгийн түүхий эдийн бирж дээр хамгийн идэвхтэй арилжаалагдсан дотоодын фьючерсийн гэрээ зургаадугаар сарын сүүлчээр 125 ам.доллар байсан бол тонн тутамдаа 148 ам.долларт хүрч, сүүлийн 10 сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Хятад улс дэлхийн нүүрсний хэрэглээний талаас илүү хувийг эзэлдэг тул нүүрсний нийлүүлэлтийг чангатгаж байгаа нь олон улсын зах зээл дэх нүүрсний үнэнд ч нөлөөлж байна. Австралийн Ньюкасл боомтод нүүрсний нэг сарын фьючерсийн үнэ зургаадугаар сарын сүүлчээр тонн нь 400 хүрэхгүй ам.доллар, жилийн өмнө 200 гаруй ам.доллар байсан бол нэг тонн нь 450 ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ.
Хэрэв энэ хэвээр байвал Янцзы-Чанжян болон түүний цутгал голуудын дагуу хур тунадас бага байгаа нь энэ өвөл дэлхийн нүүрсний хомсдолыг улам хүндрүүлж, хийн хомсдолоос үүдэлтэй асуудлуудыг нэмэгдүүлнэ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )