Монголын уулчин хөлөө хөлдөөж, Памирын нуруунд гацжээ

2022 оны 09 сарын 08

Памирын нурууны Ленин (7134м) оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан "Цэгц" клубын тэргүүн Х.Бумхишиг 5800 м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацжээ.

"Түүнийг аврах ажиллагааг цаг алдахгүй зохион байгуулахыг хичээн ажиллаж байна. Монголын уулчдын үндэсний холбоо (МУҮХ)-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, "Жаргалант" клубийн уулчин Э.Даваадоржийн хамтаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо" гэж Монголын Уулчдын үндэсний холбоо /МУҮХ/-оос өнөөдөр /2022.09.08/ мэдээллээ.
 


Кыргызстан улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд аврагчдыг Бишкек хотод бууснаас цааших бүх асуудлыг саадгүй бүрэн шийдэх юм. Уулчин Х.Бумхишигийн биеийн байдал сайн, хоол ундны байдал хүрэлцээтэй бөгөөд 4 дэх хоног дээрээ ууланд гацжээ. Тухайн уулын баазууд ихэнх нь буусан, шууд аврах ажиллагаа явуулах уулчин Ленин оргилд ойрхон байхгүй тул ийм хэмжээний хугацаа алдаад байна. Ленин оргилд цаг агаарын байдал тааламжтай, салхины хурд тогтмол хэвийн, хур тунадасгүй байгаа урьдчилсан мэдээ ирүүлжээ.

Аврах ажиллагаанд явах зардлыг МУҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, "Жаргалант" уулчдын клуб, "Цэгц" клуб болон бусад хандив дэмжлэгээр бүрдүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top