Монголын зах зээлд барилгын материалын, бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн, ялангуяа цемент өндөр үнэтэй, олдохгүй байна гэх гомдол, мэдээлэл түгсэн.
Тэгвэл дээрх асуудлаар Шадар сайд С.Амарсайханаас тодруулсан юм.
Тэрбээр "Нэг хэсэг хил гааль хаалттай байсан. Үүнээс болж цемент орж ирэхээ больчихсон байсан. Одоо бол харьцангуй цемент хилээр орж ирэх нь нээлттэй болсон. Цементийн хувьд дотоодын үйлдвэрүүд байна, "Хөтөлийн Цемент шохой", "МАК", "Монцемент" зэрэг. Энэ үйлвэрүүд өөрсдийн үйл ажиллагаагаа зохих түвшинд явуулж байгаа гэж ойлгож байна. Гэхдээ хувийн аж ахуйн нэгжүүд нь үнэ өртөг, алдагдлаас шалтгаалж үйлдвэрлэл нь зохих түвшинд хийж чадахгүй байна гэх мэдээлэл бий. Нөгөө талдаа төрд авсан "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэрийн хүчин чадал хангалтгүй байгаа. Тиймээс хүссэн хэмжээнд энэхүү үйлдвэр үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байна. Гарч байгаа бараа, бүтээгдэхүүнээ бүгдийг нь Дарханы замын бүтээн байгуулалтад зориулж байгаа асуудал байна. Хэрэв "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэр өргөтгөлөө хийсэн байсан бол ийм бэрхшээл гарахгүй байсан. Энэ ч утгаараа эхний ээлжид өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ. Хоёрт, барилгын материалын хомсдол, дутагдлыг багасгахын тулд Барилга хот байгуулалтын яам хувийн үйлдвэрүүдтэйгээ ойрхон ажиллаж, зарим хөнгөлөлтийг үзүүлэх ёстой. Зарим зохицуулалтын ажлыг хийх ёстой. Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )