"Тогтвортой хот байгуулалтын ирээдүй" сэдвийн дор "Азийн архитекторуудын форум-21" олон улсын чуулган есдүгээр сарын 05-09-ний өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байна. Олон улсын архитекторуудын байгууллагын удирдлагууд, ARCASIA-ийн гишүүн 22 орны 120 гаруй төлөөлөгч нар эдгээр өдрүүдэд манай улсын архитекторуудын хамт чуулж, хот байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж байна.
Энэхүү олон улсын арга хэмжээний хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Азийн архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Абу Саяид М Ахмедтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр сайд Б.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас шинээр төлөвлөж буй Хөшигийн хөндий дэх "Шинэ Зуунмод" хотын нэгдсэн төлөвлөлт, Хот байгуулалтын салбарт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, Монгол орны газар зүйн байрлал, хүн амын уламжлалт соёлын онцлог зэрэг асуудлын хүрээнд мэдээлэл өгч, олон улсын архитекторуудтай хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Азийн архитекторуудын Зөвлөл /ARCASIA/ нь анх 1967 онд байгуулагдаж, 1969 онд анхны зөвлөл хуралдаж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн түүхтэй. Тус байгууллагад 1972 онд Бангладеш, Тайланд, 1977 онд Индонез, Филиппин, 1985 онд БНСУ, 1988 онд БНХАУ, 1991 онд Монгол, Япон, Макао, 1998 онд Вьетнам, 2000 онд Непал, 2013 онд Лаос, Мьянмар, Бруней, Бутан, 2021 онд БНАСАУ нэгдсэнээр нийт 22 орон тус байгууллагын гишүүн болсон.
Азийн архитекторуудын Зөвлөл /ARCASIA/-ийн гишүүн байгууллагууд нь НҮБ-ын ЮНЕСКО-гийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд мөн Олон улсын Архитекторуудын эвлэлд харьяалагддаг.
Азийн архитекторуудын форум Олон улсын арга хэмжээг зохион байгуулах эрхийг авах шалгаруулалтад 2020 онд Монголын Архитекторуудын Эвлэл өрсөлдөж, 2021 оны есдүгээр сард шалгарч зохион байгуулах албан ёсны эрхийг авсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дүгээр захирамжаар “Азийн архитекторуудын форум-21” Олон улсын арга хэмжээг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, уялдуулан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийн дарга Барилга, хот байгуулалтын сайд, гишүүдэд Соёлын дэд сайд, яамдуудын төлөөлөл болон Монголын Архитекторуудын Эвлэл Азийн архитекторуудын Зөвлөл /ARCASIA/ байгууллагатай хамтран ажиллаж байна.
Олон улсын архитекторууд оролцсон форум нь тус бүс нутагт хамаарах хот байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн санал зөвлөмж өгдөг үндсэн платформ юм. Мөн Азийн төдийгүй дэлхийн нэртэй архитекторууд, судлаачид хуран цугларч, архитектур, хот байгууллатын дэлхийн чиг хандлагыг хэлэлцдэг онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм.
Сэтгэгдэл ( 0 )