NEW 76 I Ядуусын байнгын хорооны дарга

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

Хоёр нийгэм дамжиж, төрийн байгууллагад шат дамжин ажилласан дунд үеийн цөөн хүний нэг бол УИХ-ын гишүүн С.Чинзориг. Тиймдээ ч аливаа зүйлд нуруутай ханддаг, төрд байх ёстой хүний нэг гэж олон нийт үздэг. Ямартай ч өнгөрөгч хугацаанд С.Чинзориг луйвар хийлээ, дээрэмдлээ гэх үг дуулсангүй. Ихэнх түшээдийг сүүдэр мэт дагах уул уурхайд лиценз, дархан цаазат газрыг хашаалсан, тендер авсан, төрийн өмчит үйлдвэрт бараа бүтээгдэхүүн шахсан гэх мэт зүйл сонсогдсонгүй. Үүнээс харахад тэдний хэлж байгаагаар “сайн” л түшээ юм байлгүй. Хэн мэдлээ. Улс төр бол улс төр. Хар хоргүй амьдарчих талбар лав биш гэдгийг сайн мэднэ. Чухам номхон царайны цаана юу нуугдаж байгааг одоогоор мэдэх зүйл алга.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар “дан дээл”-тэй ч очсон, “давхар дээл”-тэй ч очсон гэхээр улс төрд ямар нэг бүлэг фракцад данстай байж таарна. М.Энхболдыг мандаж ахуйд дөлтэй яваад байсан тал бий. Гэхдээ түүний улс төрийн замнал нь бусдаас цэвэрхэн гэж хэлж болох намтартай. Социалист нийгмийн үед буюу 1986 онд МУИС-ийг Төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгсөөд өсөж төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны Төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр ажлынхаа гарааг эхлүүлж байв.

Цагийн хатууд ч гэх юм уу, зарчимтай үед ч гэх юм уу сургуулиа дүүргэж, ажлын гараагаа эхлүүлсэн хүмүүжилтэй болохоор шинэ цагийн улстөрчдөөс илүү нуруутай харагддаг байж болох юм. Улмаар 1990 онд Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд Хэлтсийн даргаар дэвшиж, зах зээлийн нийгэмд хөл тавьсан төрийн алба хаагч. Харин 1992 он гэхэд тэр Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 1996 он гэхэд гучаадхан насандаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар тодорсон байв. Ийнхүү аймагтаа 2000 он хүртэл Хурлын даргаар ажиллаж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Дэд сайдаар томилогдсон гэхээр яах аргагүй төрийн албаны дадлага туршлагаас гадна орон нутгийн амьдрал ахуйг сайтар мэдэх хүний нэг.

Энэ мэт намтар түүхийг нь харахаар бусдаас өөр харагддагаа нуух юун. Тэр тусмаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Дэд сайдаар 2008 он хүртэл найман жил тасралтгүй ажилласан гэхээр ямар ч сайдтай ойлголцож, алба сайн залгуулж байсны гэрч биз ээ. Мань эр яамнаас л улс төрийн мэдлэгтэй, тэнд амьдрах дөртэй болсон болов уу. Эндээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежерээр ажиллаж байгаад Ерөнхийлөгч Н.Энхбаярыг суудлаасаа буухад хамт газардаж, Ерөнхий сайд С.Батболдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан байдаг. Төрийн бага дунд шатнаас эхлээд нийгмийн салбарт найман жил Дэд сайдын алба залгуулсан хүн энэ чиглэлд зөвлөхгүй яахав. Тухайн үед хуучин МАХН нэрээ сольж уугуул нэр болох МАН болж, улмаар 2012 оны сонгуульд ялагдахад тэр бас ялагдал хүлээсэн.

Уг нь МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ялчихсан гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн ч тэр их мөнгө, эрх мэдлийн өмнө сөхөрсөн гэх тодотголтой үлдсэн. Арга ч үгүй. АПУ-ны мөнгөний өөдөөс өрсөлдөөд луйвардуулахаараа шүүхэд зарга үүсгэж таарна. Гэтэл Ерөнхийлөгчөөр АН-аас Ц.Элбэгдорж ажиллаж, шүүх эрх мэдлийг өөрийн дураар захирч байв даа. Уг нь энэхүү маргаан нь тойргийн буюу Өвөрхангай аймгийн шүүхээр шийдвэрлэх ёстой ч Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлэн авчирч, “МАН-аас нэр дэвгишч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар иргэн Б.Жаргалсайхан, иргэн Б.Батдорж  нараар дамжуулан Баянгол сумын 1,2,4-р багт МАН-аас нэр дэвшигчид санал өгөөрөй гэж хэлүүлэн сонгогчдод “Чингис” архи, чихэр, боов, ундаа тараасан байна” гэх нотолгоогоор унагаад авсан. Үнэн худлыг мэдэх юм алга. Эцэст нь л Монгол Улсын шүүх л шийдвэр гаргасан үнэн гэж итгэхээс өөр аргагүй. Иргэд шүүхийн шийдвэрт итгэдэг байсан юм шүү. Тэгээд ч нэр дэвшигч эд бараа, мөнгө тараадаг нь нууц биш.

Тухайн сонгуульд АН-аас нэр дэвшигч Г.Батхүү агсан, Д.Зоригт нар хангалттай архи мөнгө тараасныг мөн баримтаар нотлоод ч шүүх авч хэлэлцээгүй юм даг. Тэд ч яаран сандран, хүч түрэн байж УИХ-ын гишүүний тангарагаа өргөж байсныг санаж байна. Тэгэхээр ямар нэг асуудал байсан байх. Уг нь бол С.Чинзориг 4500, Н.Төмөрхүү нь 1500 хүний санал илүү авсан гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо, тооллогын комисс баталдаг. Энэ бүгдээс харахад яах аргагүй их мөнгө, өндөр эрх мэдлийн өмнө сөхөрсөн болов уу гэж боддог. С.Чинзоригийн арга барсан байх. Өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдээд өнгөрсөн. Ийм л нэг азгүй гэмээр зүйл болсон. Сүүлдээ МАН, АН дундын тохиролцооны золиос болсон байх магадлал байгааг хэвлэл мэдээллүүд дурдаж байсан.

Нэгэнт хүчин мөхөсдсөн хүн яах билээ, 2013 онд МАН-ын аппаратад орж ажилласан. Харин 2014 онд МАН Засгийн газарт орж ажиллахад тэр Хөдөлмөрийн сайдаар томилогдсон. Нэгэнт танил салбартаа алдаа гаргалгүй жил орчим ажиллаад МАН ч засгаас гарсан даа. Хамтарсан Засгийн газарт сайд болсон нь өнөөх нам дундын тохиролцооны золиос болсны шагнал ч байсан болов уу гэж санадаг. Гэхдээ би үүнийг нотолж чадахгүй. Адармаатай золиостой улс төрийн талбарт унаж босох нь байдаг л асуудал. Тиймээс С.Чинзориг 2016 оны сонгуульд өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон.

Төрийн эрх барих дээд байгууллагад ирэхийн тулд чамгүй урт зам туулсныг эндээс харж болно. Өнөөдрийн хувьд тэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар дахин нэг ажиллачихсан, УИХ-д хоёр удаа сонгогдсон туршлага бүхий гэж болох нөхөр сууж байна. Парламентын хэмжээнд ядуухан гишүүдийн тоонд орох байх. Хөрөнгө орлогын ил мэдээллээс харахад л тэр. Түүнээс наана цаана юу нуусныг би мэдэхгүй. Хамгийн сүүлийн үеийн хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхөхөөр өөрийн жилийн орлого 47.4 сая төгрөг бол гэр бүлийн орлого 48 сая төгрөг, дотоодын хадгаламжид 17.8 сая төгрөг “нөөцөлсөн” гэж мэдүүлжээ. Мөн 25 сая төгрөгийн үнэ бүхий “Volkswagen Touareg” автомашин унаж, 160 хонь, 30 адуутай гэдгээ мэдүүлсэн. Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад л ядуухан гишүүдийн нэг гэдэг нь харагдана. Манай гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харахаар толгой эргэм зүйл байдаг сан. Эсвэл мань эр өөр газарт байршуулсан нууц хөрөнгөтэй байхыг хэн үгүйсгэх юм. Чадаж байгаа зүйлд ямар арга байх билээ. Үнэн хэрэгтээ тэрбум тэрбумаар зардал шаардах УИХ-ын сонгуульд хоёр удаа өрсөлдөж, салбарын сайдаар хоёр удаа ажилласан хүн ийм хэмжээний хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөнд би лав хувьдаа итгэхгүй. Арай ч ийм хөрөнгө орлого гэж баймааргүй юм гэж бодоход хүргэнэ. Гэхдээ С.Чинзоригийн нуусан хөрөнгө, оффшор дансны мөнгө гээд гаргаж сэвээд байгаа зүйл лав алга. Тэгэхээр гайгүй юм байлгүй. Парламентад С.Чинзоригийн адил ядуус цөөнгүй байгаа гэхэд л түүнээс давуу гэдгийг хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Одоогоор түүнд УИХ-ын гишүүнээс өөр хашиж байгаа алба байхгүй, ямар нэг байнгын хороо ч тэргүүлдэггүй учраас парламент дахь ядуусын бүлгийн дарга л гэхээс өөр яахав. Харин тэр 2016 онд УИХ-д орж ирсэн даруйд гишүүдтэй нийлэхдээ нийлж, салахдаа салж байгаад хэд хэдэн хуулийн төсөл дээр ажилласан нь өнөөх төрд олон жил ажилласан туршлага байсан болов уу. Уг нь шинээр парламентад орж ирж байгаа гишүүд юун хууль санаачлах, батлуулах манатай л байдаг сан.

Харин түүнд бол бий. С.Чинзоригийн санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль нь сонгуулийн үеийн амлалтуудынх нь нэг бөгөөд  үе үеийн УИХ малчдын нийгмийн хамгааллын асуудлыг орхигдуулж ирснийг засч залруулна гэсэндээ хүрч хууль батлуулсан. Мөн үүний дагуу малчид, ээжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг баталгаажуулахад  чиглэсэн уг хоёр хуулиар малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулж, эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэврээ тогтоолгох тухай тэр л санаачилсан. Уг нь бол УИХ-ын гишүүдийн ажлын үүрэг бол хууль санаачлах батлуулах, мөрдүүлэх үүрэгтэй юм шүү дээ. Түүнээс Өвөрхангай аймагт зам барих, барилга босгох биш юм. Ямартай ч УИХ-д хөрөнгөтэй хөрөнгөгүй нь мэдэгдэхгүй нэг ийм гишүүн ажиллаж байна. Түүний нуусан хөрөнгө мөнгийг ил гаргасан хүн байхгүй учраас өнөөдөртөө тэр УИХ дахь Ядуусын байнгын хорооны дарга гэж нэрлэгдэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.72.86) 2022 оны 09 сарын 13

гайгүй төвшин хүн бйхаа энэ хүн

0  |  0
Тууз хайчлагч(192.82.75.180) 2022 оны 09 сарын 13

Одоо бензин дууссан.

0  |  0
зочин(202.131.225.91) 2022 оны 09 сарын 13

хөөрхий сонгууль болохоор ойр хавийнхаа машинтай хүмүүсийг гуйгаад явдагсан.

0  |  0
Top