Дээшээ заадаг шүүгчтэй улсад хуулийн засаглал байх уу?

2022 оны 09 сарын 14

-Б.Баасанцогтын эхнэр хуульч Б.Мөнхсайхан илчилж байна

(Цуврал 1)


“Дээрээс чиглэл өгсөн” гээд сууж байдаг, шүүхээр хэргээ шийдүүлэх гэж байгаа хүмүүсийг хуулийн заалт, шүүгчийн ёс зүйг баримталж бус “дээд” дарга нарын үзэмжээр хохироодог явдал бодитойгоор оршин байна. Хан-Уул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор тэдний төлөөлөл болой.

Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйд юу гэж заасан байдаг гэхээр шүүгч гагцхүү хуульд захирагдан, өөрийн итгэл үнэмшлээр аливааг дэнслэн шийдвэрлэнэ гэжээ. Гэтэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй дээр орших ямар нэгэн үл үзэгдэгч дарга руу хуруугаа заачихаад суугаад байх нь хуулийг уландаа гишгэж байгаа хэрэг мөн.

Миний хань Б.Баасанцогт хуульд огт байхгүй үндэслэлээр цагдан хоригдоод сар гаран болж байна. Хэвлэлээр бол Б.Баасанцогтыг аль хэдийнээ “хорвоогийн хамгийн муухай хүн, төрийн эргэлт хийхийг санаархагч, хууль шүүхийн салбарыг сүйрүүлэгч” гэж харуулсаар, олон нийтийн итгэл үнэмшил болгож амжсан байгаа. Бодит байдал хэвлэлийн мэдээнээс тэс өөр болохыг удаа дараагийн шүүх хурлууд нотолсон. Одоо би нөхрийгөө хууль бус хорионоос гаргаж авах гэж чармайж явна. Өөр хүсэх юм алга.

Юу болсныг товч сануулъя.  Өнгөрсөн хавар буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны үдэш Б.Баасанцогтыг гэртээ байхад ТЕГ-аас хоёр хүн ирж “нэг хэрэг дээр өөрөөс тань асууж тодруулах зүйл байна” гэсэн тайлбартайгаар авч явсан. Гэтэл цаг гарангийн дараа zarig.mn гэх сайт дээр “Б.Баасанцогтыг төрийн эргэлт хийх гэсэн хэргээр цагдан хорилоо” гэсэн мэдээ гарав. Над руу хүмүүс утасдаж “үнэн үү?” гэж асууж эхэлсэн. Би “асууж тодруулна” гээд аваад явсан чинь хорьчихож байгаа юм байна гэж ойлгоод өмгөөлөгчөө ТЕГ руу явуулсан. Иргэнийг баривчилах, хорих бол прокурорын зөвшөөрөл үзүүлдэг, хорих үндэслэлээ хэлдэг хуультай юм. Хуурч мэхлэх байдлаар хорих нь хуульд заагдаагүй зүйл.

Өмгөөлөгчид тагнуул дээр очиход жижүүр нь “түр хүлээ” гэсээр хоёр цаг орчим саатуулсан байдаг. Энэ хооронд хорих зөвшөөрлөө авсан шиг байгаа юм. Ингэхдээ шүүх, прокурорыг төөрөгдүүлж зөвшөөрөл авсан нь хожим шүүх хурал дээр тодорхой болсон билээ. Хоёр  цагийн дараа “хорих шийдвэр гарсан тул урьдчилан хорих байр луу авч явжээ” гэх хариу өгсөн. Хорих үндэслэлээ ахиад л хэлээгүй, маш сэжигтэй, учир битүүлэг байдал үүсгэсэн.

Маргааш нь Тагнуулын Ерөнхий газраас мэдээлэл хийж, хэвлэлийн ажилтан нь инээмсэглэл тодруулан байж “төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоолоо” гэх сүржин мэдэгдэл хийж, баахан буу зэвсэг өрж харуулсныг хүмүүс санаж байгаа байх. Зэвсгийн талаар ойлголттой хүмүүс өрсөн буунууд дотор зөвхөн тагнуулынханд олгодог гар буу байгааг ч хэлж байсан. Бодит байдал дээр юу болсон гэхээр Б.Баасанцогт өөрийн нэр дээр бүртгэлтэй ангийн бууг хамаатандаа худалдсан. Нэрээ шилжүүлж амжаагүй байсан үед Н гэх хүн хамаатнаас нь бууны нэг сэлбэг асуусан мессэж явуулж нөгөөх нь надад байхгүй, гэхдээ тэрнээс асуу гэж нэг хүн зааж өгсөн. Бүртгэлтэй хоёр, бүртгэлгүй хоёр нийт дөрвөн ангийн бууг хурааж аваад шалгасан. Нэг нь Б.Баасанцогтын нэр дээр бүртгэлтэй, нэр шилжээгүй буу байсан. Тагнуулынхан хүний мэссэжийг дундаас нь уншиж байгаад төр эргүүлэх гэсэн хэрэг зохиож сүр дуулиантай мэдээлэл олон нийтэд цацсан. Энэ нь бүртгэлгүй буу хадгалсан гэдэг зөрчлийн л хэрэг юм. 48 цаг сатуулаад тагнуулынхан төрийн эргэлт хийхийг завдсан гэх үндэслэлээ нотолж чадаагүй, тухайн нэр бүхий хүмүүсийн хэрэгт нь манай нөхөр холбогдолгүй байсан учраас хэрэгт холбогдогчдыг суллаж, бүртгэлгүй буу хадгалж байсан хүнийг орон нутгийнх нь цагдаад шилжүүлснээр Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгуулаад тэр хэрэг дууссан.

Улмаар Б.Баасан­цогтыг энэ хэрэгт холбогдолгүй гэж үзээд суллахаар тогтсон байтал АТГ өөр хэргээр үргэлжлүүлэн саатуулах санал гаргасан. Тодорхой хэлбэл, Тагнуулынхны гаргасан үндэслэл нотлогдоогүй тул 48 цагийн дараа саатуулах байрнаас суллах шийдвэрийг прокурор гаргасан. Гэтэл Авлигатай тэмцэх газраас “Б.Баасанцогт нь эхнэрийн хамт гадагшаа явна гэж” гэсэн яриа өгүүлэмжтэй байна гэсэн утгатай ямар ч баримтгүй албан тоотыг Нийслэлийн прокурорын газарт өгсөн байдаг. Би төрөх дөхчихсөн тул, мөн манай нөхөрт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон байхад гадагшаагаа явах ямар ч боломжгүй, бидэнд тийм зүйл ярьсан, тийм оролдлого хийсэн ямар ч үйлдэл, нотолгоо байхгүй. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор бичгийг авмагц өмнө гаргасан хилийн хориг тогтоосон, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж цагдан хорих саналаа дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Уг нь жилийн өмнө 2021 оны долоодугаар сард Баянзүрх дүүргийн шүүх АТГ-ын саналаар Б.Баасанцогтод хилийн хориг тавьсан, мөн тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон байдаг. Гэтэл дахин Хан-Уул дүүргийн шүүх рүү санал өгч хориулахаар хичээсэн нь хачирхалтай. Хуульд зааснаар бол хэрэг анх аль дүүргийн шүүхэд харъяалагдсан байна тэр шүүх дээр л хэлэлцэх, шийдвэрлэх ёстой. Харъяалал өөрчлөх бол тусгайлан хэлэлцэж шийдвэр гаргаж байж л өөрчилдөг.

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр АТГ-аас ирүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хэлэлцэх хурлыг маргааш өдрийн өглөө 10 цагаас хийхээр хуваарилагдсан шүүгч нь шийдэж манай өмгөөлөгчдөд мэдэгдсэн. Ийнхүү Б.Баасанцогтыг суллах шийд гарсан тул Цагдан хорих 461 дүгээр ангиас гаргаж авахаар явж байтал 18 цаг өнгөрч байхад ХанУул дүүргийн шүүхээс залгаж өмгөөлөгчдийг “Та нар буцаад шүүх дээр ир. Хурлыг маргааш биш одоо хийхээр боллоо” гэж мэдэгдсэн. Өмгөөлөгчид шүүх дээр 19 цаг өнгөрч байхад буцаж очсон. Ажлын цаг тарсан байхад тэр өдөр /маргааш өглөө 10 цагаас хурал хийхээр товлосон байсан тухайн прокурорын саналыг хэлэлцэх хуваарилагдсан шүүгч нь биш/, өвчтэй гээд ажилдаа ирээгүй Мөнхбаяр гэх шүүгч эрүүл болчихсон 20 цагт шүүх дээр биеэр ирж цагдан хорих хурлыг хийсэн. Мөнхбаяр шүүгч өмнө нь гурван хоног өвчний улмаас гэсэн шалтгаанаар ажилдаа ирээгүй атлаа гэнэт ажлын цаг дууссан хойно ирж хуралдах болсон нь бас хачирхалтай.

Тэр хурлыг үнэндээ шүүх хурал гэж хэлэхэд хэцүү. Шүүх хурал нь хуулиар тогтоосон дэг журмын дагуу явагддаг явц. Хэргийн оролцогч нар шүүх хуралдааны аль ч үе шатанд хуульд заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах хуулиар олгосон эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсан тохиолдолд тухайн шүүх хуралдааныг хойшлуулж, тухайн татгалзлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэх ёстой байдаг. Манай өмгөөлөгч нарын зүгээс Мөнхбаяр шүүгчийг өвчтэй байсан атлаа маргааш өглөө 10 цагт хэлэлцэхээр товлогдсон асуудлыг гэнэт ажлын бус цагаар ирж өөрөө шийдвэрлэхээр болсон явдлыг ...өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна... гэж үзэн хурал дээр Мөнхбаяр шүүгчээс татгалзах хүсэлтээ удаа дараа тавьсан боловч уг хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч шийдвэрлүүлээгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөнөөс гадна шүүгч Мөнхбаяр шүүх хурлын танхимд орж ирмэгц “Алив прокуророо хурдан саналаа уншаач” гэж зандраад саналыг уншиж дуусав уу үгүй юу, цагдан хорих шийдвэр гаргачихаад гараад явчихсан байдаг. Ямар ч хэлэлцүүлэг, мэтгэлцээн байхгүй. Шүүх хурал нь мэтгэлцээний зарчмаар явагдана гэж хуульд заасан, тэр огт болсонгүй.

Өмгөөлөгчид хоромхон зуурт болоод өнгөрсөн хурлаас юу болоод яагаад байгааг огт ойлгоогүй үлдсэн. Дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор шүүх хурлыг хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянаж, удирдлагаар хангах үүрэгтэй. Хариуцсан шүүх дээр нь хууль бус үйл явдал өрнөөд байгааг мэдэхгүй өнгөрөх боломжгүй. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан Мөнхбаяр шүүгчийн захирамжид бид гомдол гаргахад Ерөнхий шүүгч Б.Батболор нь хүсэлтийг хангахгүй, захи­рамжийг хэвээр үлдээсэн.

Бид дахин гомдол гаргаж, гадаадад гарах ямар ч завдал санаархал байгаагүйгээ Элчин сайдын яам, Хил хамгаалах ерөний газраас авсан лавлагаа зэрэг нотлох баримтыг гаргаж өгч байж сарын дараа тавдугаар сарын 10-ны өдөр нөхөрт маань авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих шаардлагагүй гэж шийдвэрлэсэн. Энд илт ажиглагдсан нэг зүйл нь хүчний байгууллагууд, шүүх, прокурор, мэдээллийн сайтууд гэсэн хэлхээ бодитоор байж маш хурдтайгаар хэрэг үүсгээд, зарлаад, нийтээр нь жигшүүлээд тэр сэтгэл зүйн хамгаалалт дороо хэрэг нотлогдохгүй болохоор нэгэндээ шилжүүлж өөр хэрэг үүсгүүлээд дамжуулж, сунжруулж хориод, тэр зуур хэвлэлийн дайралт хийж хэрэгт сэжиглэгдсэн хүнийг гарцаагүй гэмт хэрэгтэн юм байна гэсэн ойлголтыг батжуулаад... төсөөлөхөд ч хэцүү нарийн түвэгтэй дамжлага яалт ч үгүй байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гаргасан “Шударга бусын хонгил” гэх зүйл үнэхээр оршдог, үйлчилдэг юм байна гэж бодогдсон.

Бүртгэлгүй ангийн буу хадгалсан зэрэг зөрчлийн хэрэг үйлдсэн, эсвэл хэн нэгний гадагшаа зугтаах гээд байна гэсэн хардалт сэжиг төдийд хуулийн ямар ч үндэслэл, нотолгоогүйгээр хүний эрхийг хөсөрдүүлж, онц ноцтой хэрэгт унагах, удаан хугацаагаар хорих, залхаах бодит боломж одоо цагт бэлээхэн байна. Хэн ч ийм байдалд орохгүй гэх газаргүй болжээ. Ч.Мөнхбаяр, Тусгаар тогтнол хөдөлгөөнийхөн, иргэн Цэрэнгийн хэрэг бүгд ийм зохиомжтой байх магадлалтай л юм байна. Бид биеэрээ туулаагүй бол үнэмшихэд ч хэцүү хэлмэгдүүлэлт оршиж байна. Саяхан Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болж 1930-аад онд хэлмэгдсэн хүмүүсийг голлож ярилаа. Гэтэл 1950, 1980 онд, одоо цагт ч хэлмэгдүүлэлт явагдсаар байна шүү дээ.

Надад энэ талаар ярих юм маш их бий. Үргэлжлүүлэх болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top